Б. Тунгалагтамир: Жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-17 17:32:01

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв жилд 800 гаруй нэгж 8 нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээнд олгодог бөгөөд нийт доноруудын 90% нь байнгын идэвхтэн донор байдаг байна. Цусны салбар төвийн эрхлэгч, их эмч Б. Тунгалагтамиртай цөөн хором ярилцлаа.


-Цусны салбар төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?

ймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв нь 1971 онд Цус сэлбэх станц нэртэй 3 ажилтантай 7 донортой анх байгуулагдаж байсан. 1972 оноос Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв болсон бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг болон 27 сумын эрүүл мэндийн төв, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдийг аюулгүй, найдвартай цус цусан бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй ажилладаг.

Төв аймгийн хэмжээнд хэчнээн хүндэт донор байдаг вэ? Донорууд хэр идэвхтэй цусаа өгдөг вэ?

-Төв аймгийн хэмжээнд нийтдээ 410 гаруй донор байдаг үүнээс 75 хүндэт донор, 70 удаа цусаа бэлэглэсэн 2 хүрэл донор байдаг. Нийт доноруудын 90% нь байнгын идэвхтэн донор байдаг.

-Жилд хэдэн донор бүртгүүлдэг вэ? Донорууд хэдэн сар болж цусаа хандивладаг вэ?

-Цусны салбар төвөөс жилд 4 байгууллагад очиж цус хандивлах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Иймээс жилдээ 70-80 донор шинээр элсүүлдэг. Эрэгтэй донор 2 сар, эмэгтэй донор 3 сар болоод цусаа хандивладаг. 

-Ховор, дутагдалтай цус гэж байгаа юу? Нөөцөө хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам өсөж байгаа. Манай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойр төв зам дагуу байрладаг мөн уул уурхай хөгжсөн, бусад аймгийг бодвол олон сумтай учир хэрэглээ их өндөр байдаг. Цусны салбар төв нь 45 хоногоор 1 жил хүртэлх байнгын нөөцтэй байдаг. 2016 онд 66 ширхэг 423 сая төгрөгийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсноор өөрийн салбар төв дээр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

-Донор болох хүсэлтэй, эргэлзэж яваа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Донор болох хүсэлтэй залуус мэдлэг бага санагддаг. Ер нь бол 18-50 насны -45кг аас дээш жинтэй элдэв өвчин эмгэггүй, аль ч бүлгийн цустай эрүүл иргэн донор болох боломжтой. Насанд хүрсэн хүн 5-7 литр цустай байдаг. эрүүл хүн нэг удаа 250-400мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй. Хүний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ төлжсөн байдаг. Цусны салбар төвөөс танд бүрэн шинжилгээ хийж тэнцсэн тохиолдолд та эрүүл байгаагийн баталгаа болно.

-Дэлхийн Цусны доноруудын өдрөөр ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

-Энэ жил цахим орчинд ‘Эрүүл энхийн цусаа бэлэглэе’ аян зохион байгуулсан. Аянд хүмүүс идэвхтэй оролцсон бөгөөд энэ өдөр манай аймгаас 4 иргэн донор болох болзлоо хангаж донорын цол үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авсан.

-Донорууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Аймгийн салбар төвийн тулгын чулууг нь тавилцаж байсан ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олон болоод үе үеийн хүндэт донорууддаа талархал илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа.

相关新闻