Байдрагийн гүүрээс Бууцагаан хүртэлх 60 км автозамыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-16 16:11:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор - Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар ээлжийн 60 км замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Баруун таван аймгийг автозамаар холбох ажил 10 гаруй жил гацсан байдаг ч 2017 оноос Баянхонгор аймгаас Говь-Алтай чиглэл рүү хатуу хучилттай зам тавих ажлыг явуулж эхэлсэн. Өнгөрсөн жил Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр чиглэлд тавьсан 129.4 км автозамын нээлт Бөмбөгөр суманд болж байсан бол Байдрагийн гүүрнээс Бууцагаан хүртэл 60 км автозамын нээлт Бууцагаан суманд ийнхүү болсон юм.

Тус замаар хагас сая гаруй зорчигч зорчдог бөгөөд цаг хугацаа, бензин шатахуунаа хэмнэж машин тэрэгний эвдрэл гэмтэл буурах зэргээр зорчигчдод олон давуу талыг өгч байна. Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн 126.7 км автозамын 83.7 км нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм.

Ийнхүү Монгол улсын Засгийн газраас энэ дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт болох баруун аймгуудыг холбосон хөгжилд дуудсан хатуу хуучилттай авто зам энэ оны есдүгээр сард Говь-Алтай аймагтай бүрэн холбогдох аж.

Сонирхуулахад, Баруун таван аймгийн иргэд болон тийш зорчигчдын олон жилийн хүсэл мөрөөдөл болсон уг замыг Макс групп богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Замын ажилд 300 гаруй техник, 400 гаруй замчин, 15 үйлдвэр оролцсон байна.

相关新闻