Алтай сумын сургуулийн өргөтгөл 30 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн ажил 30 хувьтай байна.
Тодруулбал,
алслагдсан бүсийн сумын хүүхэд багачуудын сурч хөгжих орчныг сайжруулах, сургалтын
хүртээмжийг өргөжүүлэх, ая тухтай, шинэлэг
орчин бүрдүүлэх зорилгоор Алтай суманд 320
хүүхдийн эрдмийн өргөө \сургуулийн өргөтгөл\ бүтээн босгож буй. Мөн хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг
хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх зорилтын хүрээнд спорт заалны барилга барьж
байна.
Улсын
төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт бүхий тус барилгын ажлыг “Жаргалант
рашаант” ХХК–ийн хамт олон гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар барилгын ажлын
гүйцэтгэл 30 хувьтай явж байна.
Сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилгын нэг давхрын дотор өрлөг, гадна дүүргэлтийн хананы өрлөг хийж байгаа. Мөн спорт заалны барилгын нэг давхрын бетон цутгалт хийсэн байна гэж Ховд аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.
Алтай сумын сургуулийн анги, танхимын хүрэлцээ тааруу, сурагчид хоёр ээлжээр хичээллэдэг байжээ.
Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвөөр нийт 74 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн.
Тэгвэл 2020 онд улсын төсвийн 55 тэрбум, орон нутгийн төсвийн 10.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай өрнөж байна.