“Нөхөн сэргээлт” аяны дуудлагад компаниуд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-14 19:42:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт” аяныг зарлаад байна. Энэхүү аяны гол зорилго нь Уул уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн газарт хийх нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд чиглэж байгаа ажээ.

Тус байгууллагын зүгээс энэхүү аянаа аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран хэрэгжүүлэхээр аймгийн хэмжээнд эхлүүлээд байна. Энэ хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий бусад аж ахуйн нэгжүүдийг дүйцүүлэх нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд ээлжлэн дуудах гэнэ.

Аяны салхийг Түшиг сумын "Шар нарст” ХХК хагаллаа. Тус компани нь 2011 оноос эхлэн нөхөн сэргээлт хийж байгаа аж. Одоогоор нийтдээ 36 га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Эднийх байгаль, цаг уурын онцлогт нь тохирсон мод, бут, сөөг тарихын зэрэгцээ 18 мянган ширхэг 2-4 насны байгалийн зэрлэг чацарганыг үрслүүлэн тарьжээ. Эдгээрийн ургалтын явц нь 90-95 хувьтай байгаа аж. Мөн согоовор, хайлаас, монос, боролзгоно гэх мэт модыг тарьсан гэнэ. 2020 оны биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийхдээ 6000 ширхэг чацаргана, олон наст согоовор тарьсан байна. Энэ удаа нийт 9 мянган га талбайд нөхөн сэргээлт хийсэн аж. Тус компанийн араас энэхүү аянд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Тайхаржин майнинг” ХХК, мөн тус аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Эрдэст групп” ХХК-иудыг нөхөн сэргээлт 2020 аянд нэгдэхийг уриаллаа.

Энэхүү нөхөн сэргээлтийн дуудлага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “Зөв дадал-Ногоон ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулж буй ажил юм. 

相关新闻