Төр байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхийг дэмжих хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-10 12:34:46

Дэлхийн улс орнууд нэг ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 3 кг байгалийн баялаг ашиглаж байхад Монгол Улс 17 кг түүхий эд зарцуулж байгаа нь олон улсын хөгжлөөс хэт хоцорч байгааг БОНХАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа өнөөдөр эхэлж буй “Ногоон технологи-Инноваци 2016” зөвлөгөөний үеэр онцлов.

Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын инновацийн 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд “Ногоон технологи-Инноваци 2016” зөвлөгөөн өнөөдөр МҮХАҮТ-д эхэллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөх болсон. Үүнтэй холбогдуулан хүн төрлөхтний хэрэглээ нэг жилд даруй 1,5 дэлхийтэй тэнцэхүйц хэмжээний байгалийн нөөцийг шаардах болжээ. Энэ байдлаараа цааш үргэлжлэвэл 2050 онд 2.7 дэлхийтэй тэнцэхүйц байгалийн нөөц шаардах юм. Тиймээс улс орнууд “Ногоон хөгжил, ногоон эдийн засаг”-т тулгуурлан хөгжих болсон. Монгол Улс нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ 17 кг байгалийн нөөц ашиглаж байгаа ч үүнийхээ 17.4 хувийг л дахин боловсруулж байгаа юм. Тиймээс энэ бүхнийг технологийн хөгжилд тулгуурлан шийдвэрлэх хэрэгтэй юм. УИХ-аар баталсан “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд “Боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно” хэмээн тодорхойлсон хэмээн БОНХАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа илтгэлдээ дурьдав.

Монгол Улс ногоон хөгжлөөр замнахын тулд нэн тэргүүнд “Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч” болж хөгжих шаардлагатай юм. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

2013 онд төрөөс сэргээгдэх эрчим хүч, усыг хэмнэлттэй ашиглах, агаарын бохирдол бууруулах чиглэлийн 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг орлогын албан татвараас чөлөөлсөн байна. Үүнээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 5.4 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлсөн талаар БОНХАЖЯ-наас мэдээлэв.

Ч.Ариунболд

相关新闻