Сонгуулийн үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журмыг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит
сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар
(ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг батлан гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иргэд, олон
нийт, сонгогчдод зориулан дээрх журмыг танилцууллаа. Учир нь Сэлэнгэ аймгийн
хувьд хил орчмын онцгой бүс нутаг гэдэг утгаар энэхүү журмыг чанд сахин
ажиллахыг уриалж байгаа юм. Тодруулбал: Энэхүү журамд
нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны
ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн
эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл
ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол
илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг
зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд
заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг онцгойлон анхааруулсан байна.