Алдарт дуучдын эд зүйлсийг дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОС АНЖЕЛЕС. /VOA/. Удахгүй болох дуудлага худалдааны үеэр хамгийн ихээр анхаарал татах зүйлүүдийн тоонд Жон Ленноны дууны үгтэй гар бичмэл, Лэди Гагагийн тоглож байсан анхны төгөлдөр хуур, “Nirvana” хамтлаг тарах болсон тухай сэтгүүлд гарсан нийтлэлийн хариуд Курт Кобайны бухимдлаа илэрхийлэн бичсэн захидал зэрэг орж байна .
Дуудлага худалдаа энэ сарын 21-нд Нью-Йорк хотноо болох аж.
Алдарт “Beatles” хамтлагийн 1967 онд гаргасан “Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" цомог дахь "Being for the Benefit of Mr. Kite!” дууны үг болон нотыг Ж.Леннон гараараа бичсэн тэмдэглэлийн үнэ 300 мянган доллараас эхлэн дуудагдах төлөвтэй байна.
Жулиений дуудлага худалдааны гүйцэтгэх захирал Мартин Нолан хэлэхдээ “Ж.Ленноны бичсэн бичмэлүүд ямагт үнэд хүрдэг” гэжээ.
Өөр нэгэн анхаарал татах зүйл нь алдарт дуучин Курт Кобайн болон түүний жирэмсэн эхнэр Кортни Лав нар хар тамхи ихээр хэрэглэдэг байсан тухай өгүүлсэн “Vanity Fair” сэтгүүлийн нийтлэлд дургүйцлээ илэрхийлэн, түүнийг бичсэн Дэвид Геффенд хандсан захидал юм.
Уг захидлыг 20 мянгаас 30 мянган долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байгаа боловч Ноланы хувьд 100 мянган доллараас давсан үнээр зарагдана гэж найдаж байгаа гэнэ. Кобайн захидалдаа "Энэ нийтлэл намайг хамтлагаасаа гарах шийдвэр гаргахад хүргэлээ. Бидний хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний эхний сард Кортни жирэмсэн байснаа мэдсэн. Тэр одоо хэрэглэхээ больсон. Би эхнэртэй маш их хайртай. Удахгүй охинтой болно. Энэ мэт өчүүхэн зүйлс бидний хамтын амьдралыг үгүй хийж байна” гэж гараараа бичсэн байжээ.
Кобайн 1994 онд амиа хорлож “Nirvana” хамтлаг тарсан билээ. Хэдийгээр 20 жил өнгөрсөн боловч түүнийг үнэнчээр шүтэн бишрэгчид өнөөдрийг хүртэл эмгэнэн гашуудсаар байна.
Дуудлага худалдаанд дэлгэн тавих өөр нэгэн сонирхолтой зүйл бол Леди Гага-гын тоглож байсан анхны төгөлдөр хуур юм. Тэрбээр 5 настай байхдаа энэ хөгжим дээрээ ая зохиож байжээ. Уг хөгжмийн зэмсэг 100 мянган доллараас 200 мянган долларын үнэд хүрч магадгүй аж.
Үнэ хаялцуулах эдгээр зүйлс нь урт хугацааны туршид хөрөнгө оруулалтаа өсгөх боломж олгоно хэмээн Нолан ярилаа.
Х.Сарнай