Шинэ Зеландад тогтоосон онцгой байдлыг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландад шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан гуравдугаар сарын 25-нд тогтоосон онцгой байдлыг цуцалсныг тус улсын Иргэний хамгаалалтын сайд Пеени Хенаре мэдэгдлээ.
“Шинэ Зеланд даяар зарласан онцгой байдлыг цуцлахын зэрэгцээ улсын хэмжээнд шилжилтийн үе эхэлснийг мэдэгдэж байна. Учир нь төр засаг ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд үзүүлэх “COVID-19” өвчний аюулын хоёр дахь түвшин рүү шилжихээр бэлтгэж байна” гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Шилжилтийн үе орон нутгийн цагаар тавдугаар сарын 13-ны лхагва гаргийн шөнө дундаас эхлэх бөгөөд хэрэв хугацаанаас өмнө цуцлах эсвэл сунгаагүй тохиолдолд орон даяар 90 хоног үргэлжлэх аж.
Одоогийн байдлаар Шинэ Зеландад коронавирусний халдварын 1497 тохиолдол бүртгэгдэж, 1402 хүн эдгэрсэн бол 21 хүн нас баржээ. Тус улсад сүүлийн хоёр өдөр халдварын тохиолдол шинээр илрээгүй байна.