Ахмад дайчин Г.Чогсомжавт Ялалтын 75 жилийн ойн медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын өндөр настан, эдүгээ 96 насны сүүдэр зооглож буй ахмад
дайчин Г.Чогсомжавт ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль гардууллаа.
Энэхүү хүндэт шагналыг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод Ерөнхий консул Р.М.Зайнутдинов өөрийн биеэр гэрт нь очиж гардуулан өгчээ. Ахмад дайчин энэ буурай 1925 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт төржээ. Тэрээр 1944 онд Монгол Ардын хувьсгалт цэргийн ангид элсэж, Тамсагбулагийн 6-р дивизийн 17-р морьт хороонд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан байна.
Энэхүү түүний гавьяаг Монгол, Оросын найрамдлын хамтын ажиллагааны түүхэн он жилүүдийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үздэг аж. Ахмад дайчин Г.Чогсомжав гуай: ”Оросын ард түмэн намайг мартахгүй байгаад маш их баяртай байна. Залуу халуун 20-оодхон насандаа энэ түүхэн үйл ажиллагаанд оролцож байсан минь дурсамж болон үлджээ. Надад маршал Жуковын 100 жилийн ойн медаль мөн өгсөн. Би их баярлаж байна. Өнөөдөр би дөрөв дэх медалиа авч байна” хэмээн ярилаа.
Ерөнхий консул Р.М.Зайнутдинов:”Би өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар том ажил хийж явна. Аугаа их эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойн медалийг Г.Чогсомжавт авчирч өглөө. Монгол Улсад суугаа бүх ахмад дайчиддаа баярын мэнд хүргэе” хэмээгээд 80 жилийн ойгоор дахин ирж ахмад дайчин танд шагнал өгнө хэмээн ерөөл өргөлөө.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас их ялалтын 75 жилийн ойн баярын дурсамж хадгалуулсныг гардуулан өглөө. Мөн Мандал сумын Засаг дарга Т.Лхагвадорж өөрийн гарын бэлгээ гардууллаа. Ахмад дайчин маань 1948 онд цэргийн албаас халагдаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байгаад 1988 онд гавьяаныхаа амралтад суужээ. Одоо үр, ач нартайгаа энх тунх сайхан амьдарч байна.
“Миний аав 17 настайдаа Говь-Алтай аймгаас жинчин дагаж Улаанбаатар хотод ирж амьдарсан гэсэн. Аав минь Сүхбаатар аймгийн Онгоны отрядын нутаг дахь Чоно харайхын голоор 1945 оны 6-р сарын 20-ны үеэр Монгол Улсын хилийг давж Хятадыг чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн” хэмээн хүү Ч.Нэргүй нь хэллээ. Түүний хүү цэргийн албанд хүчин зүтгэж яваад бас гавьяандаа суужээ. Ач нар нь мөн л цэргийн хүмүүс болсон байна. Эх орноо хамгаалж, үнэнч шударга байхыг аав минь үргэлж захидаг. Одоо ч ач нартаа байнга хэлдэг. Монгол хүн оршин тогтнохын үндэс угсаа бол тусгаар тогтнол байдаг. Үүнийгээ хамгаалах нь эр цэрэг бидний үүрэг байх ёстой шүү. Манай шинэ үеийн залуус энэ үүргээ ухамсарлаж, ойлгож, эх орныхоо төлөө баттай зогсох хэрэгтэй хэмээн нэмж ярилаа. Эднийхэн гурван үеэрээ цэргийн алба хааж, гайхамшигт түүхийг бичиж яваа хүмүүс юм. Хэдийгээр нас сүүдэр дээр гарсан ч хөдөлгөөн бол хүний эрүүл байхын гол үндэс хэмээн үздэг ахмад дайчин Г.Чогсомжав гуай бага хүүхэд ахуйдаа хэрэглэж ирсэн унадаг дугуйгаа одоо ч унаж байгаа аж.


