Японд “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг ойрын хугацаанд зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-05 15:57:26

ТОКИО. /Kyodo/. "Манай компани шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд вирусний эсрэг “ремдесивир” эмийг ашиглах хүсэлтийг Японы Эрүүл мэндийн яаманд гаргасан" гэж АНУ-ын “Gilead” эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани даваа гарагт мэдэгджээ.


Японы эрүүл мэндийн сайд Кацүнобү Като, “Gilead” компани “ремдесивир”-ийн талаар хүсэлт гаргасан тохиолдолд нэг долоо хоногийн дотор зөвшөөрөл олгоно гэж өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Эрүүл мэндийн яам энэхүү шийдвэрийг гаргасан тохиолдолд Японд “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх зөвшөөрөл авсан анхны эм “ремдесивир” болох төлөвтэй байна.  


АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “ремдесивир”-ийг яаралтай тусламжийн эмээр ашиглахыг өнгөрсөн баасан гарагт зөвшөөрсөн юм. Эмнэлзүйн сүүлийн туршилтуудаас үзэхэд “ремдесивир” уусан хүнд өвчтөнүүд харьцангуй хурдан эдгэрч байсан гэж уг байгууллагын мэдэгдэлд тэмдэглэжээ.


“Ремдесивир”-ийг “Эбола” вирусийг эмчлэх зорилгоор гарган авсан хэдий ч үүнд албан ёсны зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Уг эм “COVID-19” халдвар авсан өвчтөнүүдэд үр дүн үзүүлэх эсэхийг шалгах эмнэлзүйн туршилт Япон тэргүүтэй дэлхийн олон оронд үргэлжилж байгаа юм.


“Манай Засгийн газар эх орондоо ургасан, вирусний эсрэг “Авиган” эмийг “COVID-19” халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах зөвшөөрлийг энэ сарын эцсээр олгохоор төлөвлөж байна” гэж Ерөнхий сайд Абэ Шинзо даваа гарагт мэдэгджээ. Хятадад явуулсан шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд, энэхүү эм "COVID-19"-ийн эсрэг үр дүн үзүүлсэн байна. 

相关新闻