АНУ-ын эдийн засаг сүүлийн 11 жилд байгаагүйгээр агшлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-30 11:36:15

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний тархалтыг сааруулах үүднээс хөл хорио тогтоосны улмаас тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд сүүлийн 10 гаруй жилд бүртгэгдээгүйгээр агшжээ.


Дэлхийн хамгийн том эдийн засаг энэ оны 1-3 дугаар сарын хугацаанд 4.8 хувиар агшсаныг лхагва гарагт танилцуулсан албан ёсны үзүүлэлтүүд харуулжээ. Уг үзүүлэлт 2014 оноос хойш анх удаа буурч буй нь энэ юм.


“Цар тахал АНУ төдийгүй дэлхий дахинд асар их бэрхшээл учруулж байна” гэж АНУ-ын Төв банкны бодлого боловсруулагчид лхагва гарагт мэдэгджээ.


АНУ эдийн засагт учрах нөлөөг бууруулахын тулд гурван их наяд орчим ам.долларыг төсөвлөсөн юм. Мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 0 орчимд хүргэж бууруулах гэх мэт яаралтай алхмуудыг хэрэгжүүлсэн билээ.


“Бид эдийн засгийн одоогийн үр дагаврыг даван туулж, хэвийн нөхцөл байдалдаа эргэн орох хүртэл бодлогын хүүгийн энэ түвшнийг хэвээр байлгана” гэж Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл мэдэгджээ.


“Мөн цаашид нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй” гэж Ж.Пауэлл лхагва гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


АНУ-д өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс хойш 26 сая гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан байна. Мөн бизнесийн үйл ажиллагаа, хэрэглэгчдийн итгэл түүхэн доод хэмжээнд хүрчээ.


Халдвар дэгдэхээс өмнө АНУ-ын эдийн засаг энэ онд хоёр орчим хувиар өсөх төлөвтэй байсан юм. Гэсэн хэдий ч дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар АНУ-ын хүн амын 95 хувь нь ямар нэгэн байдлаар хөл хорионд орсон байна. Хэдийгээр зарим муж улсад хязгаарлалтуудыг цуцалж эхэлсэн боловч Нью-Йорк, Калифорни зэрэг эдийн засгийн гол “хөдөлгүүрүүдэд” хөл хорио тогтоосон хэвээр байна.


Мөн АНУ-ын эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг хэрэглээний зардал энэ оны эхний гурван сарын хугацаанд 7.6 хувиар буурсан гэж тус улсын Худалдааны яамнаас лхагва гарагт мэдээлжээ. 

相关新闻