Ж.Хаянхирваа: Эрт гарсан төлийг намар зах зээлд борлуулах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Мөнхтолгой”
2 дугаар багийн малчин Ж.Хаянхирваа 2016 оноос өвөл
хонь хургалуулж, эрт гарсан
хургыг намар зах зээлд борлуулах шинэ туршилтыг эхлүүлсэн
байна.
Сэлэнгэ аймгийн аварга малчин Ж.Хаянхирваагийнх энэ жил 400 гаруй төл хүлээн авчээ. Үүнийхээ 150 гаруйг нь эрт төллүүлсэн байна. Эрт буюу өвөл хоёрдугаар сарын эхээр гарсан хурганы амьдын жинг хавар гуравдугаар сарын дундуур гарсан хурганы амьдын жинтэй жишиж тооцсон байна. Ингэж хэмжилт хийж үзэхэд эрт гарсан хурганы амьдын жин 23-29.5 кг байсан аж. Харин 3 сарын дундуур гарсан хурганы амьдын жин 10-18 кг байсан байна. Аварга малчин энэхүү судалгаагаараа нийт эх сүргийнхээ 35-40 хувийг эрт төллүүлж, гарсан төлийг намар зах зээлд борлуулах боломж байна хэмээн үзэж байгаа аж.
Түүний хийсэн өнгөрсөн дөрвөн жил гаруйн туршилт ч харуулж байгаа гэнэ. Эднийх баяд омгийн хонь үржүүлэн малладаг юм
байна. Увс аймгийн Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулаг
суманд энэ хонийг дээр үеэс үржүүлж иржээ. Баяд омгийн хонийг олонх судлаач өөхөн сүүлт хонийг ууцан сүүлт хоньтой үржүүлсний үр дүнд буй болсон хонь гэж үздэг аж. Харин энэхүү баяд үүлдрийн хонийг 1991 онд бие даасан үүлдэр болгон
баталгаажуулжээ. Энэхүү баяд
хонь нь чийрэг бие бялдартай
амьдын жингээрээ монгол
хониноос нэлээд давуутай. Намар баяд омгийн хуц 61.5 кг, эм хонь 53.3 кг амьдын жинтэй байдаг аж. Мөн
уг хонь өндөр уулын ба говийн эрс тэс цаг ууртай бэлчээрийн маллагаанд сайн
зохицдог байна. Түүнчлэн холимог
ширүүн ноостой, ашиг шим сайтай, нэг, хоёрдугаар зэргийн ноос нь хивс, хөнжил
хийхэд тохиромжтой ажээ. Нас
гүйцсэн хуцнаас 2.1 кг, эм хониноос 1.8
кг, төлгөн хуцнаас 1.7 кг, охин төлөгнөөс 1.9 кг ноос авдаг гэнэ. Ноосны бүрэлдэхүүний 85 хувь нь ноолуур
эзэлдэг ажээ. Ноосны
урт 16.3 см, ноолуурын урт 8.3 см юм. Ноолуурын
нарийн 20.7 мкм, ноосны цэвэр гарц 69.8 хувь байдаг ажээ.