Цэрэг татлагыг өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2020 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг Өвөрхангай аймгийн есөн суманд энэ сарын 19-нөөс зохион байгуулж эхэллээ.
Энэ удаагийн цэрэг татлага коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөр хариуцлагатайгаар явагдаж байгаа тул цэргийн насны залуусыг зарлан дуудахдаа хоёр ширхэг амны хаалт, гар ариутгагчтай ирэх шаардлага тавьжээ. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт орохдоо халдвар хамгааллын дэглэмийг баримталж, амны хаалтаа зүүн нэгнээсээ зай барих байдалтай оролцож байгаа юм. Мөн цэрэг татлагын байрыг хоёр цаг тутамд ариутгаж, цэрэг татлагын товчоо, эмч мэргэжилтнүүд, зохион байгуулагчдаас өөр хүнийг оруулахгүйгээр ажиллаж байгааг холбогдох албаныхан хэллээ.
Цэрэг татлагатай холбогдуулан Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамж гээд олон баримт бичгийг гаргаж, тэдгээрийг мөрдөн хэрэгжүүлж байгаа аж.