Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийг ил болгохыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭГалын шугамын эхэнд гүйдэг хүмүүс бол сэтгүүлчид. Халуун, хүйтнийг үл ажран зүтгэх энэ их армид 4500 сэтгүүлч зүтгэж байна.
Жил бүрийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Глоб интернэшнл төв, МСНЭ хамтран зохион байгуулдаг хэлэлцүүлэг уламжлал ёсоор Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд боллоо.
Дугуй ширээний ярилцлагад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Глоб Интернешнл” ТББ тэргүүтэй дотоодын зочдоос гадна Хонконг, Япон, Өмнөд Солонгосоос сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ, мэдээллийн ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянахаас хамгаалах, онлайн орчинд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь гэсэн сэдвийг хөндлөө. Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагаас 190 телевиз, 107 радио, өдөр тутмын 14 сонин үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн судалгааг “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх” дугуй ширээний ярилцлагын үеэр Глоб интернэшнл төвийн захирал Х.Наранжаргал танилцуулав.
Тэрээр ярихдаа, “Энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр түүхэн гурван үйл явдалтай давхцаж байна. 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдсан. Мөн хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх Виндхукийн Тунхаглал батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг 2016 оноос эхэлж буйтай давхцаж байгаагаараа онцлогтой. Манай төвөөс 2015 оны хэвлэлийн эрх чөлөөний тайланг гаргалаа. 2005 оны 10 дугаар сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан 456 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал 2015 онд Глоб интернэшнл төвд 42 сэтгүүлч,Хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй холбоотой мэргэжлийн эрхийн 78 зөрчил бүртгэгдлээ. Үүнээс үзвэл сэтгүүлчдийг дарамтлах, айлган сүрдүүлэх явдал нэмэгдэх хандлагатай. Таван жилийн интервалаар авч үзвэл сэтгүүлчдийн эсрэг хэргийн тоо огцом өслөө. Тиймээс эрх зүйн шинэтгэлүүдийг хийх хэрэгтэй байна. Судалгаатай уялдуулан 6 асуудлыг багцалсан зөвлөмж гарган УИХ-д хүргүүллээ” хэмээн онцлов.
Энэ үеэр оролцогсод дөрөв дэх засаглалд улс төрийн оролцоог халах нь хэвлэл мэдээллийн хөгжлийг түргэтгэнэ хэмээн онцолж байв.
Монгол Улсад сэтгүүлч мэргэжлээр жилд 400 гаруй хүн төгсөж буй бөгөөд энэ хэрээр хэвлэлийн салбар хүрээгээ тэлж байна. Гэвч шинэ төгсөгчдийн ажиллах нөхцөл сайнгүй байгааг дурдлаа. Тодруулбал жижиг хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийн нийгмийн даатгалыг төлдөггүй, цалин бага өгдөг гээд асуудал байгааг хэлж байсан юм. Мөн үеэр “Загасчны морь усгүй” гэгчээр сэтгүүлчид Үйлдвэрчний эвлэлгүй ажиллаж буйг шүүмжлэв.
ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра ярихдаа, “Хэвлэлийн эрх чөлөө нь хөгжихтэй зэрэгцэн Монгол Улс эрчимтэй хөгжиж байна. Гэвч одоо болтол Монголд мэдээлэл олж авах хүний эрх болон хэвлэлийн эрх чөлөөг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Хэвлэлийн эрх чөлөө зарим нэг салбарт хүчирхэгжих шаардлагатай байгаа нь ажиглагдлаа. Хийсэн мэдээнээсээ болж хүний нэр төрд халдсан хэрэгт холбогдох тохиолдол их гарч буйг 2015 оны тайланд тусгасан байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн асуудлыг зайлшгүй хөндөх цаг иржээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эздийг ил тод болгохын зэрэгцээ төрөлжих шаардлагатай байна” гэлээ.
Б.Заяа