Манжийн үеийн өртөө харуулын зураг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цахим музей" - цуврал -4
Баянхонгор аймгийн түүх, угсаатны зүйн музейн Манжийн үеийн танхимд "Манжийн үеийн өртөө харуулын зураг" дэглэгдэж байна. Хар өнгийн бэхээр муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичсэн тус зургийн холбогдох он цаг 18-19 дүгээр зууны үе.
Манжийн үеийн өртөө харуулын эх зургийг 1962 онд Баянговь сумын малчин Лхамжаваас тухайн үеийн музейн захирал байсан Л.Юндэнбат хайгуулаар цуглуулан олж ирж байжээ. Тухайн үедээ 350 төгрөгөөр үнэлэгдэн авч байсан түүхтэй аж. Эх хувь нь музейн сан хөмрөгт байдаг бол хуулбар зургийг 1975 онд хийж үзмэрт тавьжээ.
Энэ зураг нь 103 өртөө, 170 дамжлага багтсан Монголын ард түмнээс Манжийн төрд алба хааж байсан томоохон алба гавчуурын план зураг юм байна. Цэрэг харуулын алба бол Манжийн төрөөс эрхшээлт орны ард олонд тулган хүлээлгэсэн нүсэр хүнд дарамт. Хилийн харуулын зэрэгцээ дотор харуул, гэр харуул гэсэн гурван давхар бүслэлт бий болгосон байжээ.
Манжийн төрийн нэгээхэн алба бол өртөөний алба байв. Хар нүдэнгээс Улиастай хүрсэн Халхын 20 өртөөнөөс Улаанбум Шаргалжуутын гол хүртэлх 13 өртөө нь өвөр долоон хошууны нутгаар замнадаг байсан байна. Халхын 20 өртөөний 142 дамжлага ганцхан өдөр 1736 элч, албаны хүмүүс нэвтрүүлж байлаа.
Мөн нийслэл хүрээ Хиагтын чиглэл, аймгийн жасаа зэрэг 60 шахам өртөөнд нэг ээлжинд янз бүрийн албан тушаалтан 278 хүн, олон зуун айл өрх агт морьд, хүнсний хонь, гэр майхан бусад хэрэглэл дайчлагдаж байв. Үүнээс гадна хошуу хороодын арав гаруй өртөөнд нэг ээлжинд 97 өрх, алба гаргах 352 эр дайчлагдаж байсан гэх түүх байдаг.