Г.Чимэддагва: Зам тээврийн осол, гэмт хэрэг 50 хувиар буурсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумаар улсын
чанартай А0601, А0602 магистрал зам дамжин өнгөрдөг, Эрдэнэзуу хийд,
Хархорин музей, Шанхын хийд бүхий түүхийн дурсгалын газар олон байдгийн улмаас
жилд дотоод, гадаадын 200 мянга гаруй жуулчин хүлээн авдаг хөл хөдөлгөөн ихтэй,
томоохон сум юм.
Тиймээс 2018 онд сум дундын Цагдаагийн хэлтсийг Хархоринд байгуулж, хойд бүсийн 7 сумыг харьяалуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус сумын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагватай товч ярилцлаа.
-Хархорин сумын эрүү, хэв журмын нөхцөл байдал урьд оны
мөн үетэй харьцуулахад ямар байна?
-2020 оны 1 дүгээр
улирлын байдлаар нийт 16 холбогдогчтой, 38.8 сая төгрөгийн хохиролтой, 34 гэмт
хэрэг бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хэргээр буюу 37
хувиар буураад байгаа юм. Харин гэмт хэргийн илрүүлэлтийг 14.7
хувиар өсгөж, 38.2 хувьд хүргэж ажиллалаа.
Мөн 3718 зөрчил илрүүлж, өмнөх оны мөн үеэс 43 зөрчлөөр
буюу 1.1 хувиар өссөн дүнтэй байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт
хэргийг нөхөн илрүүлж, хариуцсан ажилдаа эерэг мэдээлэл гарган
ажиллаж байгаа нь хамт олны маань хичээл зүтгэлийн үр дүн гэж харж байна.
-Сум, орон
нутгийн хувьд мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл анхаарал татдаг. Энэ төрлийн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй
хамтран мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор
сумынхаа малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.
Нарийнхүр, Орхон, Онгоцон-Ухаа, Шанх, Жалбаа багт “Малчдын
бүлэг”-ийг байгуулж, үнэмлэхжүүлсэн нь зохих хэмжээгээр үр дүнгээ
өгч байна. Малчдын бүлгийн гишүүдтэй хамтран морьт болон мотоцикльт эргүүлийг
улирал бүрийн тодорхой хугацаанд зохион байгуулж хэвшүүлсэн. Үүний үр
дүнд малчидтай мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл байдал сайжирч, урьд
өмнө үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргүүдийн илрүүлэлтийн хувь өссөн байгаа.
Тухайлбал 2018 оны 10, 11 дүгээр сард 3 удаагийн үйлдлээр
бусдын 7 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт
хэргийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг
явуулж байна.
-Салбар зөвлөлтэй
болон иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Ямар ч ажилд
хамтын ажиллагаа хамгийн чухал шүү дээ. Дан ганц цагдаа л хийх ёстой гэсэн
өрөөсгөл ойлголт өөрчлөгдөж байгаа.
Хархорин сумын төвийн багуудыг жижүүрийн мөрдөгч нарт
хариуцуулж, зохион байгуулалтад оруулсан. “Айл хүний амь нэг-Хөршийн
холбоо” аяныг санаачлан багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын
дарга, төлөөлөгч нартай хамтран хэрэгжүүлэх бодлого барьж ажилласнаар хулгайлах
гэмт хэргийн гаралт 16.6 хувиар буурсан.
Хулгайлах болон гудамж талбайд үйлдэгддэг бусад төрлийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, иргэдийн орон байр, аж ахуй
нэгжүүдийг гэмт халдлагаас хамгаалахын тулд камержуулалтыг
нэмсэн. Айл өрх, аж ахуй нэгжүүдийг камерын хяналтын системтэй болгох
ажлыг нэвтрүүлж ажилласнаар орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт 36.3 хувиар буураад
байна. “Манлайтод” хүнс, барааны зах болон “Мөнхтэнгэр” жуулчны
баазад үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг хяналтын камерын тусламжтайгаар
илрүүлсэн нь энэ үйл ажиллагааны үр дүн гэж харж байна.
-Хархорин
сум нь зам харилцааны хувьд хөдөлгөөн ихтэй газар. Зам
тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар
ажил зохион байгуулж байна вэ?
-Нийслэлээс Монгол
орны баруун чиглэлд явсан хот хоорондын хатуу хучилттай зам манай сумын
нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг учраас зам тээврийн осол, зөрчил,
гэмт хэргийн гаралт их, хохирсон иргэдийн тоо олон байдаг.
Тиймээс зөрчил, гэмт хэргийг бууруулах, хяналтыг
сайжруулах зорилгоор улсын төсвийн 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24
цагаар үүрэг гүйцэтгэх боломжтой хяналтын цэг /пост/-ийн байрны төсвийг
шийдвэрлүүлж, гүйцэтгэлийг хийлгэн 2018 онд ашиглалтад оруулаад байна.
Хяналтын цэгийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах, техник технологиор хангаж,
алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг
ахиулах чиглэлээр шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлсэн.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн дугаар илрүүлэгчтэй хяналтын
камер байршуулах 6.6 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлснээр зам тээврийн
осол, гэмт хэрэг 50 хувиар буурсан байна.
Мөн хэлтсийнхээ харьяа тойргийн сумдын хэсгийн төлөөлөгч,
цагдаа нараар орон нутгийн ба хот хоорондын замд хяналт, шалгалтыг хийж
хэрэгжүүлэх талаар хуваарь гарган батлуулж, замын цагдаагийн ахлах
зохицуулагчаас хяналтыг хэрэгжүүлж хэвшүүлсэн нь зөрчлийг илрүүлэхэд үр дүнгээ
өгч байна. Иргэдийн ухамсар дээшилж, цагдаагийн байгууллагын хэмжээнд
урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа нь энэ үр дүн гарахад чухал нөлөө
үзүүлж байгаа юм.
-Алба хаагчдынхаа
нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Манай хэлтсийн
алба хаагчдын 50 хувь нь түрээсийн байранд амьдардаг. Энэ асуудлыг шийдэх
зорилгоор тус хэлтэст томилогдон ирсэн, шинээр сургууль төгссөн алба
хаагчдын амьдрах нөхцөл бололцоог сайжруулах хүсэлтийг аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад тавьсны дагуу 10 айлын орон
сууцны тохижилт үйлчилгээ хийлгэх 200 сая төгрөгийг батлуулсан.
Одоогоор гүйцэтгэх байгууллагыг шалгаруулан сонгох тендер зарлагдаад
байна.