Мотоциклийн ослоос урьдчилан сэргийлэх Ил захидлыг малчдад хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-20 16:11:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Оны эхний дөрвөн сарын байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд зургаан хүн мотоциклтойгоо онхолдож амиа алджээ. Өнгөрсөн онд мөн ослын улмаас 17 иргэн нас барсны 82.3 хувь, энэ он гарсаар нас барсан зургаан иргэний 66.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд өртсөн байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас орон нутгийн удирдлагатай хамтран мотоциклийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Тухайлбал, Осол их гарч байгаа найман сумын малчдад мотоциклтой холбоотой зам тээврийн ослын талаар болон анхаарах асуудал, сэрэмжлүүлэг, хүлээх хариуцлага, хор уршгийн талаар мэдээллийг багтаасан Ил захидлыг илгээжээ.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор дээрх шийдлийг хэрэгжүүлж байгаа аж.

Амиа алдсан иргэдийн олонх нь осолдох үедээ хамгаалах малгай хэрэглээгүй, согтууруулах хэрэглэсэн үедээ мотоциклоо жолоодсон байдаг байна. Тиймээс иргэд мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөж, согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг албаныхан санууллаа.

相关新闻