Говь-Алтай аймгийн 618 төгсөгч ЭЕШ-д бүртгүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-18 15:29:51
Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн өдрийн ангиар 596, дүйцсэн хөтөлбөрөөр 45, нийт 641 сурагч 12-р анги төгсөнө. Үүнээс энэ оны 567, өмнөх оны 51, нийт 618 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлээд байна.

Говь-Алтай аймгийн БСУГ-аас ЭЕШ-ын гурван сарын аян зохион байгуулж, зөвлөмж мэдээллийг сургуулиудад хүргүүлэн ажиллаж байгаа ажээ. Тухайлбал судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд, багш нартай хамтран ЭЕШ-д бэлтгэх цахим групп нээж, төгсөгчдөд онлайн хичээл, давтлага өгч даалгавар ажиллуулан зөвлөгөө өгч, цахим сорилго боловсруулан ЭЕШ-ын урьдчилсан сорилго авчээ.

Тус аймгийн БСУГ, Мобикомтой хамтран ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдүүдэд сар бүр 9G дататай дугаар олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс ирүүлж байгаа мэдээлэл, видео хичээл, зөвлөгөөг орон нутгийн телевиз, байгууллагын нүүр хуудас, ЭЕШ-д бэлтгэх онлайн группээр дамжуулан мэдээлэл хүргэж байна хэмээн БСУГ-ын мэргэжилтэн Г.Мөнхжаргал мэдээлэв.

Түүнчлэн шалгалтад бэлтгэгчдийн гарын авлага, CD, 2019 оны ЭЕШ-ын тайлангийн ном, Боловсролын үнэлгээ арга зүйн зөвлөмж, даалгавар боловсруулах, даалгаврын сан ашиглах аргазүйн зөвлөмж зэрэг номыг сургуулиудад хүргүүлэн төгсөгчдөд хүргэх үүрэг чиглэл өгчээ.
相关新闻