Өсвөр насныхны дунд бэлгийн замаар дамжих халдвар, жирэмслэлт, үр хөндүүлэх асуудал их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгаалал” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилт Өвөрхангай аймагт хэр явцтай байгааг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ үеэр хүүхдийн хүчирхийлэл, донтолтын асуудлыг голлон ярилцсан юм. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл, жирэмслэлт, үр хөндүүлэх, төрөх асуудал багагүй гарч, хүүхдийн байгууллагуудын санааг зовоож байгаа юм. 0-18 нас бүхий хүүхдийн дунд БЗДХ-ын тохиолдол 2018 онд 48, 2019 онд 44 бүртгэгдэж байжээ. Мөн 14-19 насандаа хүүхэд төрүүлсэн охид 2017 онд 180, 2018 онд 160, 2019 онд 152 байна. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж уг асуудлыг гамшиг хэмээн нэрлээд үүний учир шалтгааныг судалгаанд үндэслэн гаргах, бодит тоон мэдээллийг сургуулиар нь дамжуулан эцэг, эхчүүдэд хүргэж, тэдэнд сэрэмжлүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг өгөв.
2018 онд Хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох программд аймгаас 1031 хүүхдийг бүртгүүлж байсан бол 2019 онд 1075 өрхийн 2994 хүүхдэд судалгаа хийн уг программд бүртгүүлээд байгаа аж.