Дуу яриаг бичвэр болгодог “Чимэгэ бичээч” бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-04-16 12:28:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Болорсофт" компани хиймэл оюун ухаан ашиглаж монгол хэлний дуу авиаг боловсруулж, ярианд суурилсан инновацын шинэ технологийг улсдаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг технологиор тэд “Чимэгэ бичээч” систем бүтээсэн нь хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болжээ.


Энэ технологи нь монгол хэлний дуу авиа боловсруулах суурь систем байх бөгөөд төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тус системийн яриаг бичвэрт хөрвүүлэх чадамж нь ойролцоогоор 1 цагийн  яриа буюу аудио бичлэгийг 4 минутад  бичвэрт хөрвүүлэх бөгөөд веб, компьютер, гар утас, таблет гэх мэт бүх орчинд ажиллах боломжтой хэлбэрээр хөгжүүлж байна.


Хүн 1 цагийн аудио бичлэгийг сонсоод ойролцоогоор 8 цагт буулгадаг бол “Чимэгэ бичээч” системээр 4 минутаас хэтрэхгүй хугацаанд буулгана. Тэр нь та цагаа 120 дахин хэмнэнэ гэсэн үг.


“Чимэгэ бичээч” системийг ашиглаж хаа дуртай газраа, гэртээ, гудамжинд алхаж явахдаа ч мартаж санаж мэдээллээ орхигдуулахгүй бичих боломжтой. Уулзалт, хурал, цуглааны үед заавал протокол хөтлөх хүн байх шаардлагагүй болно.


Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл туршиж үзэх хүсэлтэй байвал Болорсофт компанид болон https://www.chimege.mn/ сайтад хандаж болох аж.

相关新闻