С.Мөнх-Эрдэнэ: Хүүхдүүд ээ, цахим орчинг хязгаартай ашиглаж, ном сайн уншаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-08 21:33:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгт хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацааг хүүхдүүд янз бүрээр л өнгөрүүлж байна. Ихэвчлэн цахим орчинд өдрийг өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй. Тэдний төлөөлөл хэдий ч цахим орчинг эерэгээр ашиглаж, хүүхэд багачууд, үе тэнгийн найзууд, цаашлаад залуус ахмадуудыг хүртэл ном уншихыг уриалсан, номын ач тусыг сурталчилсан “Тархи  цэнэглэгч” гэх номын клубын удирдагч С.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Тэрээр, хүүхдүүдийг хорио цээрийн энэ үед цахим орчинг хязгаартай ашиглаж, ном сайн уншихыг уриалсан юм.

-Өдрийн мэнд хүргэе. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Сүхчулууны Мөнх-Эрдэнэ гэдэг. Би Баруун-Урт сумын гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Аймаг орон нутгийнхаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах гэсэн хүсэл, хүлээлтэд минь нийцүүлж үйл ажиллагаагаа эрхэлдэг танд болон танай сайтын хамт олонд талархал илэрхийлж, бас ажлын өндөр амжилтыг хүсье.

-Баярлалаа. Номын клубын талаар танилцуулаач. Яг хэзээнээс үйл ажиллагаа нь эхэлсэн бэ?

-Ном уншдаггүй залуусыг ном уншдаг болоход нөлөөлж, сэдэлжүүлэх зорилгоор анх Улаанбаатар хотод 2014 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин манай аймагт 2019 оны 03 дугаар арын 03-ны өдөр албан ёсоор байгуулагдаж анхны уулзалтаа хийсэн. “Тархи цэнэглэгч” номын клуб маань номонд дурлагч, уншигчдын найз нөхдийн хүрээллийг тэлж, тэдгээр залуустай мэдээ мэдээлэл солилцох, уншсан номынхоо талаар ярилцах замаар хамтдаа хөгжих орон зайг бүрдүүлэхийг зорьдог.

-Яагаад энэ клубыг аймагтаа нээх болсон юм бэ?

-Ном уншиж байхдаа ганцаараа ном уншилгүй хамт олонтой болж, бусадтай хамтдаа хөгжих юмсан гэж бодоод номын клуб байгуулах юмсан гэж мөрөөддөг байсан. Удалгүй Улаанбаатар хотод ийм клуб байдгийг мэдээд аймагтаа нээе гэсэн бодол төрж, улмаар албан ёсоор нээн, төв клубын админ н.Идэрболд ахтай уулзаж өнөөдрийн энэхүү “Тархи цэнэглэгч” номын клубын Сүхбаатар аймаг дахь удирдагч  болох зөвшөөрлөө авсан.


-Ихэвчлэн цахимаар үйл ажиллагаа нь явагддаг шүү дээ. Хүртээмж хэр байдаг вэ?   

-Тийм ээ. Байгуулагдсанаасаа хойш таван удаа уулзалт зохион байгуулаад, түүнээс хойш цахим орчимд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай групп саяхан 2000-аад гишүүнтэй болоод байгаа. Цаашид ч энэ хэрээрээ уншигчдын тоо нэмэгдэж, цахим орчинд зөвхөн уншсан номныхоо талаарх мэдээллийг бусадтай хуваалцаж, нэгэндээ зөвлөгөө зөвлөмж өгдөг болно.

-Ер нь танай клубын гишүүдийн насны хувьд ямар байна. Хэдий насныхан илүү байна?

-16-аас дээш насныхан ихэвчлэн байдаг. Үүнээс сургуулийн насны хүүхдүүд арай давамгай байдаг. Манай аймагт номонд дурлагч, номонд хайртай ахмад буурлууд олон бий. Тэднээс ч манайд гишүүнээр элсэж, манай уншигчдад тогтмол заавар зөвлөгөө, мэдээлэл өгдөг хүмүүс бий.

-Хүмүүсийн хандлага ямар байдаг вэ? Учир нь ном унших хүн их ховордсон, тэр дундаа хүүхдүүдийг ном уншихаа больсон гэх яриа байдаг?

-Би харин ч ном унших хүний тоо улам бүр нэмэгдэж байгаа гэж боддог. Хувь хүмүүс өөрсдийн хөгжилдөө их анхаардаг болсон юм шиг санагддаг. Дээр хэлсэнчлэн манай клубын хувьд ихэнх нь сургуулийн насны хүүхдүүд байдаг. Үүнээс хүүхдүүдийн хандлагыг эерэг гэж дүгнэж болно.

-Тэгвэл ЕБС-ийн сурагчид яг ямар төрлийн ном сонирхдог юм бол?

-Миний эргэн тойрны хүүхдүүд, хувь хүний хөгжлийн тухай ном илүү ихээр сонирхон уншиж, түүнийгээ амьдрал дээрээ хэрэгжүүлж байгаа нь ажиглагддаг. Хүүхдүүдийн хувьд харилцан адилгүй байдаг ч сүүлийн үед уран зохиол, өгүүлэл гэхээсээ илүү техник технологийн дэвшил, хүний болоод дэлхий нийтийн хөгжлийг тодорхойлсон номуудыг ихээр сонирхдог болсон юм шиг санагддаг.


-Танай клуб өөр ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Сардаа нэгээс хоёр удаа “Гоё уулзалт” нэртэйгээр уншсан номынхоо талаар ярилцаж, хэлэлцдэг уулзалтыг зохион байгуулдаг. Мөн номын тэмдэглэлийн уралдаан, хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтуудыг төрийн болоод ТББ-тай хамтран хийдэг. Эдгээр нь хүүхэд өөрийгөө хөгжүүлэх бас нэгэн боломж гэж би хардаг.

-Цаашид клубээ өргөжүүлэх талаар юу бодож төлөвлөж байна?

-Мэдээж байлгүй яахав. 12 дугаар ангиа төгсөхөөсөө өмнө клубынхээ гишүүдийн тоог нэмэгдүүлж, илүү олон залуусыг номонд дурлуулахыг, тэдэнд номны ач тусыг ойлгуулахыг хүсч байна. Мөн албан байгууллагуудтай хамтран шинэ шиэнэлэг ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Үүний хамгийн эхнийх нь манай клуб аймгийн Нийтийн номын сан, Сүхбаатар аймаг дахь Залуучуудын холбоотой хамтран нутгийн нэрт яруу найрагч “О.Дашбалбарын шүлгийг хэн сайн унших вэ” уралдааныг цахим орчинд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Сургууль орохгүй байгаа энэ цагийг хүүхдүүд ихэвчлэн цахим орчинд өнгөрүүлж байна. Гэхдээ цахим орчинг хүүхдүүд зөв ашиглаж, бас зөв зүйлийг олж үзэх ёстой. Тийм ч учраас энэ уралдаанаа явуулахаар шийдсэн. Ирэх долоо хоногт эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Чи өөрөө мэдээж номонд их дуртай байх. Одоо сургууль орохгүй байгаа энэ үед ямар төрлийн ном уншиж байна?

-Би өөрийгөө номтой ид нөхөрлөж яваа гэж боддог.  Ер нь бүхий л төрлийн ном унших дуртай. Хорио цээрийн энэ хугацаанд “Хадгаламж өлсөхөөс эхэлдэг”, “Хосын жор”, “Трэнд бүсгүй”, “Бүсгүй минь нүүрээ угаа” зэрэг номыг уншиж дуусгасан. Одоо “Өглөөний гайхамшиг” номыг эхлүүлээд байгаа.

-Ном уншиж байх үед чи болоод чиний сэтгэл санаа яг ямар байдаг вэ? Учир нь хүмүүс ном унших үеийн мэдрэмжийг янз бүрээр тайлбарладаг шүү дээ?

-Ном бол ертөнцийг харах цонх юм гэсэн агуу үг байдаг шүү дээ. Яг л энэ мэдрэмж төрдөг. Хэцүү, гуньж гутарсан үед, эсвэл аз жаргалтай бүхий л цаг үед минь ном надтай хамт байдаг. Ямар ном уншиж байгаагаасаа хамаараад уйлж, инээхээс эхлээд ёстой жинхэнэ утгаараа номондоо ордог доо. Харин намайг ном уншиж байхад хэн нэгэн саад болохд хамгийн дургүй.

-Чи яг хэзээнээс ном уншиж эхлэв, ойролцоогоор хэчнээн ном уншсан бэ?

-Би тавдугаар ангиасаа хойш аймгийнхаа нийтийн номын санд тогтмол сууж, ном зохиол уншдаг байсан. Тэгээд сүүлдээ толгой мөр холбож, шүлэг сонирхож өөрөө ганц нэгийг зохиодог болсон. Бага ангид байхдаа дандаа л жижиг ном, богино зохиолууд уншдаг байсан. Ахлах ангийн сурагч болсноосоо хойш уншсан номоо тооцвол ойролцоогоор 40 орчим ном, бүрэн хэмжээний  зохиол уншсан байх. Нарийн тооцож үзээгүй юм байна.

-Хорио цээрийн дэглэмтэй байгаа эдгээр өдрийг хүүхдүүд ихэвчлэн цахим орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр чи үе тэнгийн найзууддаа, дүү нартаа юуг хэлж захимаар байна?

-Ер нь ямар ч үед хүүхдүүд ихэнх цагаа цахим орчинд өнгөрүүлэх болсон. Мэдээж үүнийг 100 хувь буруу гэж хэлэхгүй. Хүүхдүүд бид ч хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой. Харин ингэхдээ цагийн хязгаартай байж тухайн зүйлээс өөрт хэрэгтэй зүйлээ л олж аваасай гэж хүсч байна. Ер нь чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх хамгийн зөв сонголт бол ном унших л юм даа. Тиймээс хүүхдүүдийг ном сайн уншаарай л гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

相关新闻