“Inovio” компани коронавирусний вакцины аюулгүй байдлын туршилтыг эхлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /ABC
News/. АНУ-ын “Inovio” эм зүйн компани шинэ коронавирусний
вакцины аюулгүй байдлын туршилтыг эхлүүлэхээр болжээ.
“Манай компани Филадельфи, Канзас хотод эрүүл, сайн дурын 40 хүнийг туршилтад хамруулах зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас авсан” гэж “Inovio” компани даваа гарагт мэдээлсэн байна.
Уг туршилтаар
вакцины аюулгүй байдлыг шалгах бөгөөд энэхүү судалгаа амжилттай болсон
тохиолдолд олон нийтийг вакцинд хамруулахад нэг жилийн хугацаа шаардлагатай
ажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард өөр нэгэн вакциныг Сиэтл хотод хүн дээр туршиж эхэлсэн бөгөөд уг вакциныг Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, “Moderna” компани бүтээсэн юм.
“Inovio” компанийн хувьд ДНХ вакцин гарган авахыг
зорьж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхий даяар шинэ коронавирусний 60
гаруй төрлийн вакцины судалгаа явагдаж байгаа ажээ.