“Өлгий сүү” компани өндөр ашиг шимт үнээний ферм байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-05 23:36:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн “Өлгий сүү” компани аймгийн төвд өдөрт 300 л сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үнээний ферм байгуулжээ.  

Тус ферм нь дөрвөн улиралд ашгаа өгдгөөрөө онцлогтой бөгөөд өндөр ашиг шимт үхрийн ферм байгуулахад компанийн зүгээс 250 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Алатау, цэвэр семменталь, хар тарлан үүлдрийн 40 үхрийг Улаанбаатар хотоос оруулж иржээ. Одоогоор үнээний ферм өдөрт дунджаар 250-300 литр сүүг зах зээлийн үнээс 30 хувь хямд үнээр борлуулдаг байна. Мөн 5-8 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгааг компанийн захирал С.Жанат хэллээ.

Сүүний чиглэлийн үхэр нь жирийн үхэртэй харьцуулахад арчилгаа, тэжээл их шаарддаг байна. Тухайлбал, зах зээлд борлуулагдаж буй малын тэжээл нь өндөр ашиг шимт үнээний фермд ашиглахад шим тэжээллэг чанарын хувьд шаардлага хангадаггүй. Тийм учраас тэднийх орон нутгийн “Өлгий агро” компанийн үйлдвэрлэдэг хүчит тэжээлийг гэрээгээр худалдан авч хэрэглэдэг байна. Мөн сайн чанарын эцэг мал хомс байгаа нь орон нутагт энэ төрлийн бизнес эрхлэхэд тодорхой хэмжээгээр хүндрэл учруулдаг ажээ.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт экологийн цэвэр сүүний эрэлт хэрэгцээ их байна. “Өлгий сүү” компанийн бүтээгдэхүүн одоогоор Өлгий хотын нэг багийн хэрэгцээг ч хангаж чаддаггүй тул цаашид малын ашиг шимийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг компанийн удирдлага онцоллоо.



相关新闻