Баг тус бүрт ажлын хэсэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар
сумын найман багт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
зарим төсөвт байгууллагын ажилтан албан хаагчдаас бүрдсэн 8 ажлын хэсэг
ажиллаж байна.
Эргүүлийг тогтмол хийснээр Сүхбаатар суманд иргэдийн гадуур сэлгүүцэх, хүүхэд багачууд олноор цугларах явдал багассан хэдий ч амны хаалт зүүгээгүй, буруу хэрэглэсэн, бохир амны хаалттай иргэд байсаар байгаа аж. Урин дулаан цаг ирж байгаа учир гадуур явах хүмүүсийн хөдөлгөөн эрс ихэсчээ. Иймээс иргэд хүүхдүүдээ дагуулаад гадуур их явж байна. Энэ өвчний нөхцөл байдал дуусах болоогүй байхад бүх зүйл зүгээр байгаа мэт тайвширч хүүхдүүдээ эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс бага насны хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй байхад онцгой анхаарахыг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
Мөн улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, эрүүл мэндийн
байгууллагын зөвлөмж зааврын дагуу гадуур явж байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт
хийхийг хүслээ. Та өөрийнхөө амь насыг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж
байгаа учраас төр, засгаас хийж байгаа ажилд найдаж, бүгдийг төрд даатгаж
болохгүй. Төр хийх ёстой ажлаа хийж байна. Харин иргэд та бүхэн зөвлөмж зааврыг
дагаж мөрдөн ар гэртээ, байгаа орчин ахуйдаа биелүүлж хэвшүүлэх нь таны үүрэг
гэдгийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.