Боомтуудыг хааснаас хойш хилээр нэвтэрсэн дөрвөн иргэнийг тусгаарлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутгаар хойд хөрштэй хиллэдэг Ульхан, Эрээнцавын боомтоор гарах хөдөлгөөнийг хааж, Монгол Улсын иргэдийг гаднаас нэвтрүүлж байсан бол энэ сарын 30-ныг хүртэл хоёр талын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.
Ийнхүү боомтуудыг хаасны дараа энэ сарын 18-нд нэг, 19-нд гурван иргэн ОХУ-ын хилийг давж, дундын бүсэд орж ирсэн байсныг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу хилээр нэвтрүүлж тусгаарлаад байгаа юм. 18-нд хилээр нэвтэрсэн иргэн нь Улаанбаатар хотын харьяат, энэ сарын зургааны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ руу хил гарч, есны өдөр буцах гэсэн боловч хөдөлгөөнийг хязгаарласан байсан учир ийнхүү Эрээнцавын боомтоор нэвтэрчээ. Тухайн иргэнийг Чулуунхороот сумын ЭМТ-д тусгаарлаад байгаа гэв.
Мөн 19-нд иргэн А хоёр хүүхдийн хамт явганаар хил нэвтэрснийг Чулуунхороот сумын ЭМТ-д тусгаарлаж, БОЭТ-ийн Халдвартын тасагт шилжүүлэн авчрахаар шийдвэрлээд байна.
Одоогийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт АНУ-аас ирж тусгаарлагдсан иргэний хугацаа өнөөдөр дуусаж байгаа аж. Түүнчлэн Чита хотод Худалдаа аж үйлдвэрийн танхимын чиглэлээр олон улсын хуралд оролцсон 15 иргэнийг ӨЭМТ-ийн хяналтад авч, өдөрт гурван удаа халууныг нь хэмжиж, гэрийн хяналтад авчээ. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа маргааш дуусна.
Аймгийн ЭМГ-аас хот хоорондын автобусаар зөрчиж байгаа иргэдийн халууныг хэмжиж, асуумж бөглөн хянаж байна.