Ажиглалтад орж байгаа иргэдийн дийлэнх нь оюутнууд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой
комиссын дарга Ш.Оргил иргэдэд
хандаж хэд хэдэн анхааруулгыг өглөө. Нэгэнт хилээр
орж ирж байгаа иргэдийг хаанаас ирж байгаагаас нь үл хамааран бүгдийг нь
тусгаарлан ажиглах байранд 14 хоног байлгах Улсын онцгой комиссын
шийдвэрийг иргэд маш сайн мэдэж байх ёстой.
Дархан-Уул аймгийн ачаалал ихэссэн тул Сэлэнгэ аймаг 3 дугаар сарын 15-наас эхлэн иргэдийг тусгаарлан ажиглах байрандаа хүлээн авч эхэллээ. Ажиглалтад орж
байгаа иргэдийн дийлэнх нь оюутнууд байгаа аж. Иймээс эдгээр иргэдийн ар гэрийнхэн өөрсдийн үр хүүхэдтэйгээ
холбогдож тусгаарлагдсан хоногийн зайлшгүй хэрэглээний зардлыг аль болох
хурдан хугацаанд шийдэхэд анхаарахыг хүслээ. Энэ мөнгийг хурдан
хугацаанд төвлөрүүлж байж бид дараа дараагийнхаа иргэдийг хүлээн авах, нэн
шаардлагатай бусад бэлтгэл ажлыг хангах ёстой гэдгийг иргэд дор бүрнээ ойлгох
ёстой. Мөнгөө төлөхгүй иргэнийг бид тусгаарлалтаас гаргахгүй. Иймээс хоног
тутам төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ гэдгийг энд онцлон хэлье.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоосон, онцын шаардлагагүй бол аль болох гадуур гарахгүй байхыг анхааруулсаар байхад үйл ажиллагаа явуулаад байгаа зарим нэг аж ахуйн нэгж, сүм хийдийн талаарх мэдээллүүд аймгийн Онцгой комисст ирж байна. Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн тохиолдолд бид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Иргэд та бүхэн ч хяналтаа сайжруулж энэ талаарх мэдээллийг аймгийн шуурхай штабын 7036-3684 дугаарын утсанд мэдээлж болно.
Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн салхинд гарахаар уул, ой мод, голын эргээр явах нь элбэгшиж бөөгнөрөл үүсгэж байгаа мэдээлэл ч байна. Хорио цээрийн дэглэмд шилжсэн энэ хугацаанд та бүгд маань түр тэвчиж хамтаараа энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар явахдаа хүн бүр амны хаалт зүүж, хувийн ариун цэврээ сахиж, хүүхэд залуучуудыг тоглоомын талбайд цуглуулахгүй байхад иргэн бүр хяналт, шаардлагаа тавих хэрэгтэй. Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр бүхэн энэ аюулт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг ар гэртээ, үр хүүхдүүддээ, хайртай хүмүүстээ өдөр тутмын дадал болгон хэрэгжүүлж хэвших шаардлагатай байна.