Иргэдийг халдвар хамгаалал, сонор сэрэмжээ улам дээшлүүлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос улсынхаа
хойд хилийг манаж байгаа Сэлэнгэчүүддээ хандаж, өндөр хариуцлагатай байж, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахиж, эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ,
хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаалахыг онцгойлон анхаарууллаа.
Аюулт цар тахал манай эх оронд бүртгэгдсэн тул хаа хаанаа сонор сэрэмжээ дээшлүүлж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, дулааны улирал ирж байгаатай холбогдуулан гудамж талбайгаар хүүхэд залуучууд цугларахгүй байхад иргэн бүр хяналтаа тавьж ажиллахыг хүсье. Мөн төрийн албан хаагчдыг аль болох гэрээсээ албан ажлаа явуулах боломжийг судалж байна. Монгол Улсад бүртгэгдсэн халдварууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд дотоодоосоо монгол хүн халдвар аваагүй байгаа нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг манай ард иргэд маш сайн даган мөрдөж, хэрэгжүүлж байгаагийн илрэл тул айж сандралгүй сэтгэл санаагаа тайван байлгахыг хүсье гэлээ.