Шинжилгээний хариу сөрөг гарсан нь 7 хоногийн онцлох үйл явдал байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-15 23:29:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

·         Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Монголд албан ажлаар ирсэн Францын иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тул улсын Онцгой комисс хуралдаж тус иргэнийг тусгаарлаж түүнтэй харьцсан болон 2,3,4 зэргийн хавьталтай иргэдийг илрүүлж ажиглалтад авсан. Орхон аймагт хоёрдугаар зэргийн хавьталтай нэг, 3,4 зэргийн хавьталттай 11 иргэнийг тусгаарлаж шинжилгээ авахад бүгд сөрөг буюу вирусгүй гарлаа.

·         Аймгийн Онцгой комиссын IX хуралдаан болж хотын доторх нийтийн тээврийг цагийн хязгаарлалттай зорчих, төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг энэ сарын 16 хүртэл түр унтраалаа.

·         Аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сарын Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг цахимаар хэвлэл мэдээллийн байгууллагууд руу илгээж хэвлэлийн бага хурлыг хойшлууллаа. Өнгөрсөн сарын байдлаар Орхон аймгийн төсөвт 32.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн гүйцэтгэл 94.7 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 32.4 хувиар давж биелжээ.

·         УОК-оос энэ сарын 10-16–ны өглөө 07.00 цаг хүртэл хот хоорондын зөрчих хөдөлгөөнийг түр хаасантай холбоотойгоор иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцөлж 10-ны өдөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн 250-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Иймд холбогдох байгууллагууд шалгалт хийж зарим аж ахуйн нэгж, иргэдэд нийт 1.5 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

·         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ аймгийн Онцгой комисст 50 сая, БНХАУ-д 88 сая төгрөг хандивлалаа. Ингэснээр аймгийн Онцгой комисст 173.2 сая  төгрөг цуглараад байна. Үүнийг хэрхэн зарцуулахыг Онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ. 

相关新闻