Хятадад коронавирусний халдварын 11 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-14 12:23:41

БЭЭЖИН. /Хinhua/. Эх газрын Хятадад нийт 80 824 хүн коронавирусний халдвар авснаас 3189 нь нас барж, 65 500 гаруй хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.


БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын ердөө 11 шинэ тохиолдол илэрч, 13 хүн нас барсан бол 1430 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Харин гаднаас орж ирсэн халдварын тохиолдол Шанхайд дөрөв, Бээжинд нэг, Ганьсу мужид хоёр бүртгэгдэж, ийм халдварын нийт тоо 95 болж нэмэгджээ.


Халдварын голомт Хубэй мужид дөрвөн шинэ тохиолдол илэрсэн нь бүгд Ухань хотод бүртгэгдсэн байна. Тус мужийн эмнэлгүүдээс 1390 хүн /Уханьд 1254/ гарч, 13 хүн /Ухань хотод 10/ нас баржээ. Халдвар тархсанаас хойш Хубэй мужид нийт 67 790 тохиолдол /Уханьд 49 995/ бүртгэгдэж, 52 943 хүн эдгэрсэн бол 3075 нь /Уханьд 2446/ нас баржээ. Одоогийн байдлаар тус мужид 11 172 хүн өвчилсөн бөгөөд тэдний 3543-ынх нь биеийн байдал хүнд байна.


Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгт 137 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барж, 78 хүн эдгэрсэн бол Макаод 10 тохиолдол илэрч, бүгд эдгэрчээ. Тайваньд 50 хүн халдварлаж, нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн бол 20 хүн эмнэлгээс гарсан байна.


БНХАУ-д коронавирусний тархалтын оргил үе өнгөрсөн болохыг тус улсын Эрүүл мэндийн хороо пүрэв гарагт мэдэгджээ.



相关新闻