Өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэнийг түр тусгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр энэ сарын 12-ны 12.00
цагийн байдлаар автозамын шалган нэвтрүүлэх олон улсын Алтанбулаг боомтоор 180 тээврийн хэрэгслээр
163 монгол зорчигч орж иржээ.
Эдгээр зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэн байсан тул Алтанбулаг боомтод ажиглалтад түр тусгаарлажээ.
Мөн тус боомтын гарах чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 100 монгол, 31 гадаад нийт 131 зорчигч гарсан
байна. Эдгээр
нийт зорчигчдод "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, ажиллаж байгаа аж. Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт
тэрэг аялаагүй байна.
Аймгийн хэмжээнд орон
нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах байнгын ес, түр 16 хяналтын цэг ажиллаж байна. Шаамар
сумын Дулаанхааны 4 зам, Мандал, Баянгол, Сайхан сумын авто
тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр орох, гарах чиглэлд нийт 369
тээврийн хэрэгсэл 985 иргэн нэвтэрчээ. Хяналтын цэгүүдэд Цагдаа, Онцгой байдал, төр төсвийн нийт 21
албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын
чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал
халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-11-ний өдрүүдэд ОХУ-аас
Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 209, суудлын 75, автобус 19,
дугуйтай иргэн нэг, нийт 304 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж,
644 зорчигчид зөвлөмж өгчээ.
“Бид үнэн зөв бодит мэдээллийг өгөх үүднээс өдөр бүр та бүхэндээ
шуурхай мэдээллийг хүргэж байгаа. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд эх үүсвэр
байхгүй, буруу ташаа, таамаг төдий мэдээллийг маш ихээр цацаж байна. Энэ нь та
бидэнд, таны байгаа ойр орчинд, нийгэмд маш их хор нөлөөтэй гэдгийг манай иргэд
зөвөөр ойлгоорой. Элдэв буруу ташаа мэдээллийг түгээж, олон нийтийг үймүүлэн,
цочролд оруулбал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх аюултай. Тиймээс
үнэн зөв, бодит мэдээллийг аймгийн Онцгой комиссын өдөр тутмын мэдээллээс
аваарай гэдгийг тэмдэглэн хэлье” хэмээн Аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг, энэ цаг үеийг та бид хамтын
хүч дэмээр, хамтын хичээл зүтгэлээр, эерэг сайхан бүхнээр даван туулж ялан
дийлэх болно гэдгийг нийт иргэддээ хэлж, эв эетэй нэгдмэл байхыг уриалж байна.