Албаны, үнэн бодит мэдээлэл иргэдэд хүргэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-03-11 21:31:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу зөвхөн доор нэр дурдсан албаны эх сурвалжуудаас өгсөн, үнэн бодит мэдээллээр иргэдийг хангаж ажиллахыг анхааруулсан албан бичгийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевиз, радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл түгээж иргэдийг бухимдуулан төөрөгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Түүнийг дагасан олон сөрөг асуудал үүсэж болзошгүй нөхцөл байдал гарсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Засгийн газар, УОК-оос холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Улмаар зөвхөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтэс, Эрүүл мэндийн яамнаас Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн талаарх албаны үнэн бодит мэдээллийг иргэдэд өгч байхыг үүрэг болгосон юм.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран шуурхай, үнэ төлбөргүй хүргэж байхыг ХХЗХ-ноос телевиз радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон ард иргэдэд анхааруулжээ.  

Мөн ХХЗХ, ЦЕГ-ын Нийтийн Хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд шинэ төрлийн коронавирусний халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтэлсэн тохиолдолд уншигчдад сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор сүлжээндээ байрлуулж, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, илт худал мэдээ мэдээлэл тавихгүй байх, үзэн ядалт, ёс бус үг хэллэг зэргийг дэвэргэхгүй байхыг анхааруулж тусгайлан шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн жиргээ/twitter/, нүүрном/facebook/-д олон нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц худал, хуурмаг мэдээлэл түгээсэн аливаа этгээдийг ЦЕГ, ХХЗХ хамтран илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаашлаад Фейсбүүк компанийн Ази Номхон далайн бүс нутгийн төвөөр дамжуулан тус хаягийг устгаж, Монгол Улсын хуулийн дагуу тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


相关新闻