НӨАТ-ын баримт олголтод хяналт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Татварын хэлтэст олон нийтийн мэдээллийн сүлжээ болон иргэдээс гаргасан гомдол мэдээллийн дагуу энэ сарын есөнд хяналт шалгалт хийжээ.
Ажлын хэсгийнхэн Арван мянгат, Хөх толгойн чиглэл, Амьчуул, Есөн-Эрдэнэ болон Дэлгэрэх захад үйл ажиллагаа эрхэлдэг найман нэрийн хүнсний дэлгүүр, хүнсний бөөний болон жижиглэн худалдааны төв, авто засварын газрууд, үсчин, эмийн сан, шашны дэлгүүрүүд, ШТС-ын төлбөрийн баримт хэвлэлтийг шалгасан байна.
Шалгалтад төлбөрийн баримт олгох үүрэг бүхий нийт 88 нэгж, цэг хамруулснаас төлбөрийн баримт хэвийн олгож байгаа 57 цэг, програм ажиллахгүй байгаа гэсэн шалтгаантай есөн цэг, гурав хоногоос дээш хугацаанд баримт хэвлээгүй, илгээгээгүй тав, програм тоног төхөөрөмжгүй, төлбөрийн баримт хэвлэж иргэдэд олгодоггүй 17 газар байжээ. Зарим дэлгүүр, үйлчилгээний газрууд төлбөрийн баримтаа авах хүсэлт гаргасан иргэдэд л баримтыг өгдөг, нэхээгүй тохиолдолд өгдөггүй байдалтай байсан нь шалгалтаар илэрсэн байна. Харин зарим дэлгүүрийн эздийн тухайд өөрөө төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжөө ажиллуулж чаддаггүй гэсэн шалтгаанаар баримтаа урьдчилж хэвлэсэн, баримтаа авъя гэсэн иргэдэд энэ баримтаа өгдөг гэсэн тайлбарыг хэлжээ.
Шалгалтын хүрээнд газар дээр нь арилгах боломжтой зөрчлийг арилгуулж, газар дээр нь шийдвэрлэх боломжгүй 17 газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 14 газарт дуудах мэдэгдэл гардуулсан байна.
Ташрамд, Төлбөрийн баримт олгоогүй, олгохоос татгалзсан аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг Татварын Ерөнхий газрын 18001288, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 70442249, 70441288 дугаарын утсаар мэдээлж болох юм байна. Гаргасан гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шалгаж, эргэн мэдэгддэг аж.