Эрүүлжүүлэх, баривчлах байрыг сургууль, цэцэрлэгийн бүсээс гаргах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-09 10:05:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, баривчлах байрыг сургууль, цэцэрлэгийн бүсээс гаргаж, стандарт хангасан шинэ байртай болгох ёстой гэж орон нутгийн удирдлага үзэж байна.

Чойбалсан хотыг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлж, газар зохион байгуулалтыг дахин төлөвлөх ажлуудыг эхнээсээ хийгээд явж байгаа. Тиймээс байр объектуудыг зориулалтынх нь дагуу ашиглахыг илүүд үзэж байна. Тухайлбал, одоогийн Эрүүлжүүлэх, баривчлах байрыг анх сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барьж ашиглаж байсан юм.  

Түүнчлэн хүний эрхийн болон Прокурор, хяналт шалгалтын бусад байгууллагаас жилдээ гурваас дөрвөн удаа Цагдаагийн газарт хүний эрх зөрчигдөж байгаа талаар шаардах бичиг ирүүлдэг аж. Эрүүлжүүлэх болон баривчлах байр нэг дор байгаагаас хүний эрх зөрчигдөх, өрөө тасалгаа хүрэлцэхгүй байх зэрэг асуудал тулгамдаж байгаа учир энэ онд засвар хийх, камержуулалтыг шинэчлэх ажлыг төлөвлөөд байна.  Аймгийн Цагдаагийн газар өөрсдийн боломжоор сандал ширээ, будаг шохой хийхээс хэтэрдэггүй гэдгээ учирлаж байгаа юм.

2019 онд гурван мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдсэний тал хувь нь давтан эрүүлжүүлэгдэгсэд. Харин 267 иргэн баривчлагдсанаас ес нь эмэгтэй, нэг насанд хүрээгүй хүүхэд байна гэж тайланд дурджээ. Эрүүлжүүлэх баривчлах байранд хоногт 12-18, баяр ёслолын үеэр 40 хүртэлх хүн эрүүлжүүлэгддэг. 

相关新闻