Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоох нөлөөллийн үнэлгээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоос Баянцагаан, Говил багт хавар, намрын улиралд дэгддэг тул тус бүсэд амьдарч буй 488 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гарчээ.
Уг шинжилгээг тухайн иргэний
өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус
нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус
бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд,
нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа хэллээ.
Үзлэгт
хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны
өвчлөлийн хамаарал байгааг тогтоожээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй
хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушгины өвчлөл давамгайлж байгааг
илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа
иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа
иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан
тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн
нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна.
Уг шинжилгээ, үзлэгийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлж өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулжээ.