Замын-Үүдэд тусгаарлагдсан 104 иргэн гэртээ харилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-01 01:09:10

Дорноговь /МОНЦАМЭ/. БНХАУ-аас эх орондоо ирсэн 104 иргэнийг Замын-Үүдэд тусгаарласан байсныг гэрт нь явууллаа.

Тэднийг Замын-Үүдийн гурван байршилд 14 хоногийн хугацаанд ажиглалтын дэглэмд тусгаарлаж байсан бөгөөд энэ хугацаанд коронавирусний шинж тэмдгийн тохиолдол илрээгүй тул сумын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн хоёрдугаар сарын 29-ний 09.00 цагаас тухайн бүсүүдэд тогтоосон дэглэмийг цуцалж, тусгай хяналт дор Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явуулав.

Тусгаарлагдсан иргэдийг Замын-Үүдийн "Жинчин", "Замын-Үүд", "Америстар" буудалд байршуулж байсан юм. Өмнөд хөршид тархаад байгаа шинэ төрлийн "Covid-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх буудлуудад зохих журмын дагуу ариутгал халдваргүйтгэлийг сумын Нэгдсэн эмнэлэг хийсэн байна. Буудлууд одоо хэвийн ажиллаж буй.

Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 13-нд улсын Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу Замын-Үүдэд галт тэргэнд саатуулсан 106 хүний биеийн байдлыг үзэн, ариутгал халдваргүйтгэлийг хийж гэрт нь буцааж байсан юм.

相关新闻