Ипотекийн зээлийг 2003 оноос хойш 1831 өрх авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд 2003 онд ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 1831 өрх 48.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.
Үүнээс 103 өрхөд 4.8 тэрбум төгрөгийн 5 хувийн хүүтэй, 491 өрхөд 25.3 тэрбум төгрөгийн найман хувийн хүүтэй зээлийг тус тус олгосон байна. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр олгосон бол 1208 өрхөд 17.1 тэрбум төгрөгийн зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээр олгожээ.
Өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын байдлаар банкуудад 363 зээлдэгчийн 9.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл байна. Зөвхөн тухайн улиралд 30 зээлдэгчид 1.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь өмнөх гуравдугаар улирлаас 1.2 дахин, өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
2019 онд олгосон ипотекийн зээлийн 23.3 хувь нь 4-10 жил, 66.7 хувь нь 11-20 жил, 10 хувь нь 20-иос дээш жилийн хугацаатай.