Дахин төлөвлөлтийн хүрээнд 318 айлын орон сууц ашиглалтад оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу гээд хэд хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоноос 30 орчим хувь нь баригдаад дуусах шатандаа явж байгаа юм байна.
Харин гэр хороолллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан байршлуудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгаран үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 хэсэгчилсэн талбайд барилга угсралтын ажил эхлээд байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1068 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ.
Энэ ажлын үр дүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан 500 өрхийн 2100 иргэн хашаагаа орон сууцаар сольжээ. 2016 онд нийт 4044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Энэ оны эхний улирлын байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ байрандаа оржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.