Худалдааны төвүүдэд долоо хоног бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-18 17:55:57

Баянхонгор /МОНЦАМЭ/.Короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянхонгор аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан худалдаа үйлчилгээний төвүүдийн ажиллах, амрах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Баянхонгор сумын Засаг дарга томоохон захуудын захирал, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцож, цагийн хуваарийг баталлаа.

Ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд "Есөн-Эрдэнэ", "Аянчин", "Түйн долгион", "Майхан цахир" зах Даваа гаригт, "Баруун бүс" худалдааны төв-1, 2, "Амьчуул" цагаан идээний захууд “Мягмар” гарагт, "Дунд зах" худалдаа үйлчилгээний төв “Ням” гарагт амарч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж ажиллахаар боллоо.

Хүнсний дэлгүүрүүд 10:00-22:00 цаг хүртэл ажиллах бол ил задгай болон гар дээрээс худалдаа хийхийг мөн хугацаанд бүрэн хоригложээ.

Түүнчлэн шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан хийх, биллиард, теннис, баар, спорт заал, фитнес клубуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

相关新闻