Амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод болсон Бодибилдинг фитнесийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер 2020” тэмцээнд Баянхонгор аймгаас 14 тамирчин оролцжээ. Улмаар дөрвөн тамирчин сүүлийн шатанд шалгарч, тамирчин Н.Нэмэхбаяр атлетик төрөлд улсын аваргын хүрэл медаль хүртсэн байна.
Харин бусад тамирчдын хувьд +165 модел ангилалд Ж.Сарнай дөрөвдүгээр байр, -165 модел ангилалд н.Билгүүн дөрөвдүгээр байр, эрэгтэй фитнес ангилалд Э.Түвшинтөгс дөрөвдүгээр байрыг тус тус хүртжээ. Тус тэмцээнд Баянхонгорчууд 2018 оноос хойш оролцож жил ирэх тусам чансаагаа сайжруулж байгаа аж.
Тус тамирчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээж авч баяр хүргэн цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Сонирхуулахад, Өнгөрсөн онд томоохон тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан тус холбооныхон дөрөвдүгээр сарын 4-нд “Bayankhongor cup” нээлттэй тэмцээнийг хийх гэж байгаа аж. Тус тэмцээнд урилгаар олон улсын шүүгчид ажиллах юм байна.