“Монгол тариалан” корпорациар дамжуулан тариаланчдад зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭХаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ.
Хоёр өдрийн өмнө хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэх юм.
Энэ талаар сайд Р.Бурмаа “Тариалангийн тухай хуульд “Тариалангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан ерөнхий хугацааг баримтлах бөгөөд 40 жилээс доошгүй байна” гэж заасан. Газар тариалан эрхлэгчид энэхүү газрын эрхээ хууль ёсоор баталгаажуулж гэрчилгээ авсан тохиолдолд, тэрхүү гэрчилгээгээ барьцаалан зээл авах боломжийг тус хуульд нээж өгсөн. Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хурлаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсон. Мөн тоног төхөөрөмжөө шинэчлэх, ургац алдсанаас үүдээд санхүүгийн хүнд байдалд орсонтой холбогдуулж, тариаланчдын хаврын тариалалтад зориулсан зээлийн хөрөнгийн санхүүгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох ажил эхлээд байсан.
Тэгтэл зээл олгох явцад тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн хувьд барьцаа хөрөнгөний асуудал банкны шаардлага хангахгүй хүндрэл тулгарч эхэлсэн. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хурлаар “Монгол тариалан” корпорацийг байгуулж, 50 тэрбум төгрөгийн баталгааг Засгийн газраас гаргаж өгснөөр ХХААЯ-наас тус корпорациар дамжуулан хаврын тариалалт, ургац хураалтад зориулсан хөнгөлттэй зээлийг олгохоор боллоо. Ингэснээр зээл, банкны олон шат дамжлагагүй илүү шуурхай явагдахаар боллоо” гэв. Ингэснээр тариалан эрхлэгчид 50 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” корпорациар дамжуулан авах боломжтой боллоо. Түүнчлэн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн дүрэмд өөрчлөлт оруулж, санд хадгалагдаж байгаа буудайг баталгаат агуулахад хадгалагдаж байна гэсэн тодорхойлолтыг хийлгэснээр, буудайгаа барьцаалан зээл авах боломжийг нээв. ХАА-н биржээр дамжуулан арилжаа хийсэн тохиолдолд ирэх намар хураах ургацаа барьцаалан зээл авах эрхийг мөн нээж өгсөн байна.