Улсын их дэлгүүрээс Цирк хүрэх зам автомашингүй гудамж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-04-22 11:36:49

Хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж”-ийг тохижуулахаар төлөвлөсөн.

 Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хангарди орчим, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчим гэсэн 4 байршилд төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон. Энэхүү төсөл хэрэгжих  байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэн автомашингүй гудамж болгохоор төлөвлөжээ.

Гудамж төслийнхэн "Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчим буюу Их дэлгүүрээс АСА цирк хүртэлх талбайн газар доор  олон нийтэд зориулсан амрах талбайтай, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууламж барихаар төлөвлөснийг дуулгалаа. Одоо байгаа цэцэрлэгт талбайг шинээр тохижуулах юм байна. Түүнчлэн төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа 2 талын замын хөдөлгөөнийг ажлын өдрүүдэд хаахгүй зөвхөн амралтын өдрүүдэд бүрэн хааж, харин газар доогуур хийсэн байгууламж бүхий гудамж нь  ямар ч үед автомашингүй байхаар тооцжээ.

Газар доогуур барих байгууламжийн нийт талбай нь 9940 метр квадрат, худалдаа үйлчилгээний  нийт талбай нь 6640 метр квадрат, олон нийтийн гудамж зам талбай нь 3500 метр квадрат байна гэж төлөвлөсөн байна. Газар доогуурх байгууламжид  нийтдээ 9 гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийхээр урьдчилсан зураг гарчээ.
Энэхүү төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.
Гудамж төслөөс, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд уялдуулж ерөнхий зураг гаргасан байна. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх авсан компани зураг төслөө гаргаж батлуулах ёстой гэнэ. Дээрх байгууламж баригдсанаар Улаанбаатар метро төслийн буудал болон төлөвлөлтөд ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм байна.  Авто зогсоолын асуудлыг давхар шийдэхээр төлөвлөлтөд тусгажээ. 

хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, гудамжны тохижилтыг хийхдээ Монголын ёс заншил уламжлалыг харуулсан хэв маягтай байх нь чухал гэдгийг онцлов. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар-метро төслүүдтэй уялдуулах, автомашингүй болсон гудамж замуудын ойролцоо автозогсоолын асуудлыг заавал шийдэрлэх нь чухал гэсэн саналуудыг хэлж байсан юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг дэмжин нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар тогтоол баталлаа.

相关新闻