Хандлагаа өөрчлөхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Архидалтгүй аймаг" болоход түүчээлж "Архидалтгүй Монгол" болоход манлайлах зорилго бүхий жилийн аяны уриалгыг хүргэж байна.
Архидалтаас татгалзаж
Алс ирээдүйнхээ төлөө
Аймгаараа нэгдэцгээе!
Архи согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийн улсуудыг жагсаахад Монгол Улс эхний тавд оржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг онцолж, дэлхийн газрын зураг дээр манай улсыг, биднийг, улаанаар тэмдэглэсэн байна. Улаан өнгө нь архидалт гамшгийн түвшинд хүрсэнийг илтгэж байна.
Үүний учир, УРИАЛАХ НЬ:
1.Архи, согтууруулах ундааны зүйл, архидалтын хор уршиг хөнөөлийн тухай ойлголтыг хүүхэд бүрт багаас нь суулгаж “Архи уудаггүй иргэн болох” төлөвшил хүмүүжлийг олгоцгооё!
2.Хүүхдүүдийнхээ дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болцгооё!
3.Эмэгтэйчүүд архидвал ирээдүй сүйрэх тул хацар гоо охид, хатан гоо ижий даяараа энэ идээнээс эрс татгалзацгаая!
4.Залуу хүн бүр архидалтаас татгалзаж ирээдүйгээ илүү тод гэрэлтүүлцгээе!
5.Төрийн албан хаагч бүр манлайлагч байх үүргээ ухамсарлаж, архидан согтуурах явдлыг таслан зогсоож нийгмээ сайн үйлсээр үлгэрлэн уриалан дуудацгаая!
6.Гэр бүлээрээ, ургаараа, удам овгоороо архидалтыг цээрлэн жигшиж “Эрүүл гэр бүл” ураг удам овог болцгооё!
7.Албан байгууллагаараа, айл хотлоороо, гудам хорооллоороо, баг сумаараа архидалтыг амар тайван амьдралыг бусниулагч хэмээн үзэж шийдвэртэй тэмцэцгээе!
8.Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг аль болох архидалтгүйгээр тэмдэглэн өнгөрүүлж хэвшицгээе.
Үүнд:
8.1.Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Шинэ жил, найр хурим зэргийг “40 хүрээд дөнгөж амсдаг” ардынхаа ёс заншлаар;
8.2.Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, Эх үрсийн баяр зэрэг томоохон баярыг ямар ч согтууруулах ундааны зүйлгүйгээр;
8.3.Байгууллагын ой, гавъяа шагнал, одонгийн найр, ажил мэргэжлийн баярыг хөдөлмөрийн алдрын баяр болгон ямар нэг хүлээн авалт, архи дарсгүйгээр;
8.4.Төрсөн өдрийн баярыг ээжийгээ баярлуулдаг, найзынхаа нэрэмжит хүмүүнлэгийн болон нийгмийн тустай ажил зохион байгуулж баярлуулдаг байдлаар тэмдэглэдэг болцгоож ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ!
9.Согтууруулах ундааны зүйлээр хэзээ ч нэгнийгээ үл шахаж, харин ууж шаналж уруудаж доройтож яваа нэгнээ архидалт хэмээх аюулт өвчнөөс ангижрахад нь итгэл сэтгэлийн дэм өгч, эрүүл аз жаргалтай амьдралд нь эргэж оруулахын төлөө нийтээрээ нэгдэн зүтгэцгээе!
• Ард иргэд нь хамгийн бага согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг аймаг болж, улс үндэстнээ үлгэрлэн манлайлъя!
Үүний тулд ЦЭГЛЭЕ, ЭХЭЛЬЕ!
• Ачит аав, ээж, алдрай хань, алаг хөөрхөн үрс маань айх аюул, ичиж зовох шалтгаан үгүй аз жаргалтай амар тайван амьдраг!
Үүний төлөө ЦЭГЛЭЕ, ЭХЭЛЬЕ!