Суурьшлын бүсийг өөрчилбөл зарим орон сууц 5 хувийн зээлд хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭШинэлчлэлийн Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-аас Барилгын тухай хуулийг баталсантай холбогдуулан хуулийг дагаж мөрдөх 33 заавар, дүрэм боловсруулах ёстойгоос 22-ыг нь боловсруулан гаргасан тухай мэдээллийн эхэнд тэрээр онцлов. Барилгын ажил ид эхэлж байгаатай холбогдуулан үлдсэн дүрэм, журмыг яаралтай боловсруулах ажлыг БХБЯ болон Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийнхэн гүйцэтгэж байгаа аж.
Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс болон орон нутагт баригдсан орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг гаргасан. Гэвч иргэд болон барилгын компаниудын зүгээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа учраас Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг сайд онцолж байлаа. 2010 онд батлагдсан тус хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг байршлыг тодорхойлж, тусгасан ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд шинэ суурьшлын бүс өргөжин тэлсэн учраас хөтөлбөрт өөрчлөлт оруулвал зарим барилга, орон сууцны хүүг 5 хувь болгох боломжтой болох юм байна.
Харин Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хувьд ТОСК-ид бүртгүүлсэн 2368 иргэний материал холбогдох шаардлага хангаж, баталгаажсан байна. Цахим сугалааг 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны эрхзүйн зохицуулалт хийжээ.
Мэдээллийн дараа З.Баянсэлэнгэ сайд сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.
-Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх талаар ойлголт яваад байна. Энэ талаар?
-Өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэвэл Монголын Ипотекийн корпораци арилжааны банкуудтай гэрээ хийх шаардлагатай болно. Мөн иргэн тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ.
-Барилгын компаниуд гүйцэтгэлийн мөнгөө төрөөс авч чадахгүй байна. Үүнийг яаж зохицуулах гэж байна вэ?
-Одоогоор хүлээлтийн байдалтай 28 мянган орон сууц байна. Гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг авч чадаагүй байгаа аж ахуйн нэгжүүд арилжааны банкин дээр “хар” дансанд орж, дахин зээл үүсгэхгүй болж байна. Тийм учраас бид арилжааны банкуудтай аж ахуйн нэгжүүдээ уулзуулж асуудлыг шийдэх зорилгоор МҮХАҮТ-тай хамтраад ирэх 7 хоногийн 3 дахь өдөр хэлэлцүүлгийг хийх гэж байгаа. Манайд 2016 онд шинээр төсөл хөтөлбөр бага тавигдсан. Мөн ажлын гүйцэтгэл нь 80 хувьтай байгаа аж ахуйн нэгжүүдийг векслиэр санхүүжээч гэсэн хүсэлтийг Сангийн яаманд тавьсан. Удахгүй шийдвэрлэгдэнэ.
-Ипотекийн зээлд 80 ам.метрээс дээш бол хамруулахгүй гэж хязгаарладаг. Үүнийг чөлөөлөх боломж бий юу?
-Иргэдээс 80 ам.метрийг чөлөөлөх асуудлыг тавьж байгаа. Гэхдээ энэ нь Ирээдүйн тэтгэврийн сангийн хуулиар ХАХНХЯ, Монголбанкнаас шийдвэрлэх зүйл.
Н.Гантуяа