Г.Баярсайхан: Хүүхдээр ажил хийлгэхээс илүүтэй чанартай боловсрол эзэмшүүлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-21 16:08:51

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, тэдний тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан тогтоох зорилго бүхий  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян”-ы нээлт өнөөдөр болов.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Уг өдрийг угтан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлэхээр болжээ.

Монгол Улсын хэмжээнд нийт 100 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг бөгөөд үүнээс 10 мянга орчим нь тэвчишгүй хүнд буюу уул уурхай, барилга, химийн салбарт ажилладаг байна. Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь иргэд байдаг. Уг түлхүүрийг атгах ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлэх бус чанартай мэдлэг, шудрага үнэнийг олох ухаан амьдрах чадвар суулгах нь хамгаас чухал гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан аяны нээлтийн үеэр онцлов.

“Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян”-ы нээлтэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй 250 хүүхэд, ХЗЯ, ЭМСЯ, ХАХНХЯ, ЦЕГ зэрэг холбогдох албаны байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хөдөлмөрийн сайдын тушаалаар хурдан морины өвлийн уралдаанд хүүхдээр морь унуулахыг хориглосон. Энэ нь олон хүүхдийг гэмтэж, бэртэхээс сэргийлсэн гэдгийг морь унаач 12 настай А.Отгонбаяр, 11 настай Н.Мандахнаран нар хэллээ.

Тэд, “Морь унах сайхан ч хүндрэлтэй зүйл олон гардаг. Тухайлбал, өвлийн уралдааны үеэр хөл, гараа хөлдөөх, хацраа хайруулах тохиолдол байдаг. Бас олон хүүхэд мориноос унаж, бэртдэг. Уралдаж байхад том хүүхдүүд, жижгүүдээ дээрэлхэж, ташуурдах тохиолдол ч бий” хэмээв.

Мөн Өгөөмөр техникийн зах дээр засварын газар ажилладаг 15 настай С.Хосбаяр, “Би хичээлийн бус цагаар ажил хийж эхлээд 5 жил болж байна. Анх 10 настайгаас эхлэн ажил хийсэн. Анх цайны газруудад ус зөөж өгдөг байсан бол одоо засварын газар ажиллаж байна. Хамгийн хүнд үе нь өвөл. Гадаа хэт хүйтэрсэнээс болж их даардаг. Ойролцоогоор 20 мянган төгрөг олдог.  Ихэнх мөнгөөр нь гэртээ хүнсний зүйл авдаг. Үлдсэнээр нь ажил хийж байхдаа хоол иддэг. Ээж тогооч, аав засварын газарт ажилладаг. Би ажил хийдэггүй бол хичээлдээ явж, эрдэм сурмаар байна” гэлээ.

Монгол Улсын хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөх, боловсрол эзэмших эрхтэй. Гэвч  сүүлийн 3 жилийн хугацаанд өрхийн амьжиргааны түвшин эрс буурсантай холбогдуулан хүүхэд орлого олохын тулд хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, уул уурхайн салбар, химийн хортой бодистой харьцах ажлаас гадна бага насны охид биеэ үнэлсэн тохиолдол хүртэл гарчээ. Энэ бүхнийг таслан зогсоох зорилгоор Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ. Мөн УИХ-аар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Хэдийгээр төрөөс энэ чиглэлээр тодорхой албан ажил эхлүүлж байгаа ч иргэд амьжиргаагаа залгуулахын тулд хүүхдээ ажил хийлгэхэд хүрч байгааг Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү хэллээ.

Тэрбээр, “Эцэг, эхчүүд амьдралаа залгуулах боломжгүй болсон үед харъяалах баг, хороондоо хандаж тусламж хүсэх хэрэгтэй. Хүүхдүүдийг гуйлга гуйх, гэмт хэрэгт холбогдуулахгүйн тулд төр туслах ёстой учраас тухайн иргэнийг харъяалах газрын ИТХ-аас иргэдийн амьжиргаанд туслах хөрөнгийг баталдаг. Хэрэв  иргэдэд тусламж өгөөгүй тохиолдолд дээд шатны байгууллагуудад гомдол гаргах боломжтой” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻