Нутгийн паарай тоглоомын аваргыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Цахир сумын ИТХ-ын ажлын албанаас сумын аварга шалгаруулах паарайн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 72 тамирчин оролцсон ба 1-р байрыг Цахир багийн Засаг дарга Г.Эрдэнэбат, дэд байрыг төрийн банкны ажилтан Б.Баасантогтох, гутгаар байрыг ахмад настан М.Чаньдманабадрах, тусгай байрыг Т.Мөнхбадрах нар эзэлжээ. Цаашдаа энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулахаар болсон байна.
Паарай хэмээх тоглоом нь хуучнаар Сайн ноён аймгийн Далай чойнхор вангийн хошууныхан түүний дотроос өнөөгийн Цахир, Хангай, Тариат сумынхны дунд дэлгэрсэн тоглоом юм. Энэ тоглоомыг 18-р зууны үеэс дэлгэрсэн гэдэг. Учир нь бурхан шашны орон гэгддэг Төвөд оронд эргэл мөргөл хийх, ном үзэхээр явсан хүмүүс тэнд удаан хугацаагаар сууж байгаад ирэхдээ сурч ирээд орон нутагтаа дэлгэрүүлсэн гэж үздэг. Уг тоглоомоор хэдэн ч хүн тоглож болох ч 3-4 хүн нэг баг болж тоглоход тохиромжтой юм. Тоглоомын үндсэн хэрэглэгдэхүүн нь жижиг тусгайлан бэлдсэн чулуу, зооснууд байдаг.