Говийн бүсийн хүүхдүүд язгуур урлагаар өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-21 12:57:36

Говийн бүсийн аймгуудын язгуур урлагийн авъяастан хүүхдүүд маргааш Мандалговь хотод хуран цуглах гэж байна. Тэд Төв Ази, Олон улсын өргөмжлөлт, Монгол Улсын туульч, Ерөөлч, Магтаалч МУСТА Х. Цэрэнчимэдийн нэрэмжит “Соёлын биет бус өвийг залгамжлагч хүүхдүүд” говийн бүсийн язгуур урлагийн анхдугаар уралдаанд авъяас сорин уралдах юм.

Соёлын биет бус өвийг сэргээн, олон нийтэд сурталчлан таниулахад хувь нэмэр оруулах үүднээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт энэхүү уралдааныг зохион байгуулахаар тусгасан байна. Говь нутгийн онцлогийг илэрхийлсэн язгуур урлагийн шинэ зохиомж, найруулга бүхий бүтээлээр ардын урлагийн урын санг баяжуулан хойч үедээ өвлүүлэх, соёлын биет бус өвийг тээж, хөгжүүлж яваа хойч үеээ тодруулах нь уралдааны  гол зорилго ажээ.

Уралдаан маргааш МУГЖ, Зууны манлай алдарт уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Оролцогч хүүхдүүд ерөөл, магтаал, тууль, исгэрээ, хулсан хуур, язгуур урлагийн бичил хамтлагийн төрөлд авъяасаа уралдуулах бөгөөд оролцогчдын тоог хязгаарлаагүй юм байна.

Уралдааныг шүүн тунгаахаар “Домог” хамтлагийн ахлагч Б. Бат-Орших, СУИС-ийн багш н. Санжаасүрэн нар уригдсан байна. Уралдаанд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-сүмбэр, Төв аймгийн ЕБС- ийн 1- 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ- ийн оюутнууд оролцох ажээ.

 Т. Отгонтуяа

相关新闻