Өвөрхангайд 610 жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2019 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн дүнтэй байна.
Аймгийн хэмжээнд 610 жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1362 орчим ажлын байр шинээр бий болгон ажиллаж байгаа юм. Тус үйлдвэрүүд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 29.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26.4 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн бөгөөд 2016 онтой харьцуулахад үйлдвэрлэлт 78 хувиар, борлуулалт 63.9 хувиар тус тус өсжээ.
Тухайлбал, Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд 25 иргэн, аж ахуй нэгж, 182 бүл зөгийн аж ахуй эрхэлж, 2.3 тн зөгийн бал үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь 2016 онтой харьцуулахад бүлийн тоо 29 хувиар, үйлдвэрлэсэн балны хэмжээ 78 хувиар тус тус өссөн байна. “Ноос ирээдүй” ХХК нь үйлдвэрийнхээ дэргэд эсгийний үйлдвэр, зөөлөн оёдлын цех байгуулсан ба хонины ноосон хөнжил, гудас, аяны иж бүрдэл, ажлын хувцас, өвлийн хүрэм зэрэг оёмол бүтээгдэхүүн, 56.8 мянган метр эсгий тус тус үйлдвэрлэж, 1033.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд борлуулжээ.