Бүсийн Тэмээчдийн баяр Төгрөг суманд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга тэмээчин Г.Оргодолын нэрэмжит бүсийн "Тэмээчдийн баяр-2020" Төгрөг суманд боллоо.
“Шилмэл ингэ”, “Шилмэл буур”, “Сайхан хос тэмээчин” шалгаруулах, тэмээн дээрээс шагай шүүрэх болон өртөөчилсөн буухиа тэмцээн, зургаан насны тэмээний уралдаанд Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгийн 17 сумаас 140 гаруй тэмээчин оролцож, тэмээдийнхээ хурд, сүр жавхланг сорин өрсөлдсөн юм. Энэ үеэр тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж, үүлдэр угсааг сайжруулахад хүч хөдөлмөрөө зориулж яваа тэмээчдийг алдаршуулан шагнаж урамшууллаа.
“Өмнөх жилүүдэд тэмээний бооцоот уралдааныг зөвхөн сумандаа зохиогоод өнгөрдөг байсан бол Тэмээчдийн холбоо байгуулагдсанаар тэмээн сүргийг сурталчилсан уралдаан, тэмцээний цар хүрээ жил ирэх тусам өргөжиж, малчид, тэмээчид өргөнөөр оролцон туршлагаа солилцдог болсон” хэмээн Төгрөг сумын Тэмээчдийн холбооны тэргүүн Ж.Намсрайнямбуу хэлж байлаа.
Ташрамд дурдахад Өвөрхангай аймаг энэ жил 32711 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оноос өсөлттэй байна. Төгрөг сум нийт 246220 толгой мал тоолуулснаас 5035 нь тэмээ аж. Тус сумынхан өнгөрсөн жил 3 мянган тэмээ тоолуулж байсан бол жилийн дотор нэг дахин өсөөд байна.
Тэмээн сүргийн ашиг шимийг сурталчлан таниулах, тэмээний өв соёлыг дэлгэрүүлэх зорилгоор жил бүр “Тэмээчдийн баяр”-ыг бүсийн хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг аймгийн ЗДТГ-аас 2018 онд гаргасан бөгөөд өнгөрсөн жил Арвайхээр суманд болж байв.






