Мэргэд лаборатори сургууль хичээлийн шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсдаа сурлагын чанар, стандартаараа эхний 10 сургуулийн тоонд багтдаг улсын тэргүүний лаборатори Мэргэд сургуулийн хичээлийн шинэ байр төлөвлөсөн хугацаанаасаа 6 сарын өмнө ашиглалтад орлоо.
Урлаг спортын заал бүхий орчин үеийн стандартад нийцсэн хичээлийн шинэ барилга нь 320 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд Мэргэд сургуулийн мянга гаруй сурагч нэг ээлжээр хичээллэх таатай орчин бүрдэж байна. Мөн хөгжлийн өрөө, спорт болон урлагийн заал, лабораторийн танхимыг байгуулж, багш, сурагчид сургалтын чанар, амжилтаа ахиулах боломж нээгдлээ.
Тус сургууль нь 1997 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан бага сургуулийн барилга, 2007 онд шинээр барьсан өргөтгөлийн байртай ч спорт заал, номын сан, биеийн тамирын талбай байхгүй, анги дүүргэлт 40-45 хүүхэдтэй, стандартын бус талбайтай байв. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2018 онд Өвөрхангай аймагт ажиллах үеэр сургуулийн хамт олноос сургуулийг өргөтгөх хүсэлтээ илэрхийлж байсан нь ийнхүү шийдэгдээд байна.