Ардын багш Ж.Нямсүрэнд Хөвсгөл аймгийн “Хүндэт иргэн” шагналыг хүртээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх, орчин үеийн стандартыг бий болгох, санхүү бүртгэлийн мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогчийг бэлтгэх их үйлсэд гарамгай амжилт гарган ажилласан Баянзүрх сумын харъяат Монгол Улсын ардын багш Жамьяаны Нямсүрэнд Хөвсгөл аймгийн “Хүндэт иргэн” шагналыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардууллаа.
Ж.Нямсүрэн нь Санхүү эдийн засгийн салбарт 60 жил ажилласан бөгөөд багшлах хугацаандаа ном, мэргэжлийн сурах бичиг 7 бэлтгэж хэвлүүлсэн ба залуу багш нарын бичсэн 5 сурах бичгийг редакторлаж, эрдэм шинжилгээний 13 өгүүлэл нийтлүүлж, судалгаа шинжилгээний 6 илтгэл хэлэлцүүлжээ.
Мөн сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн
кабинет байгуулж, 700 гаруй үзүүлэн таниулах самбар бэлтгэх, нягтлан бодогч
мэргэжилтэн бэлтгэх болон мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшүүлэх сургалтын
хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулж батлуулсан юм. Түүний шавь нараас 10 гаруй
төрийн шагналтан, гавъяат цолтон төрсөн ажээ.